БНСУ-ын хэвлэл nbnnews: Шанелийн цүнхнээс үүдэлтэй уур хилэн…

БНСУ-ын "nbn news"-ын сурвалжлагч Ким Санбэ-ийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Шанелийн цүнхнээс үүдэлтэй уур хилэн… Монголын Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ шүүмжлэл дагуулж, огцрохыг шаардах дуу хоолой нэмэгдэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ огцрох шахалтанд өртөөд байна.

Энэ асуудал нь түүний хүү болон сүйт бүсгүй нь сошиал сүлжээнд тансаг хэрэглээтэй холбогдсон зураг, бичлэгүүд нийтэлснээр эхэлжээ. Улаанбаатар хотын төвд орших Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдын огцрохыг шаардсан жагсаал цуглаанууд өдөр бүр үргэлжилж байна.

news.mn болон Sonin.mn сайтуудын мэдээлснээр, Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүй нь Францын Шанел брэндийн цүнх, Италийн брэндийн алмаазан бөгж, Японы тансаг зэрэглэлийн автомашиныг олон нийтэд гайхуулсан бичлэг, зургуудыг сошиалд нийтэлжээ. Тэрбээр эдгээр үнэт эдлэлийг “Ерөнхий сайдын хүү Тэмүүлэнгээс бэлгэнд авсан” хэмээн тодруулсан бөгөөд бичлэгүүд нь богино хугацаанд Монгол даяар тархсан байна.

Иргэдийн зүгээс “Ерөнхий сайдын хүүгийн албан ёсны орлогоор ийм хэмжээний тансаг хэрэглээг авч дийлэхгүй” хэмээн буруушааж, авлигын шинжтэй үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Жагсагчид Ерөнхий сайдын хүүгийн орлогын эх үүсвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж, Ерөнхий сайдыг нэн даруй огцрохыг уриалж байна. Мөн 5-р сарын 16-ны байдлаар 40,000 гаруй хүн огцруулахыг дэмжсэн онлайн гарын үсгийн аянд оролцоод байна.

Түүнчлэн Шанелийн гар цүнх нь эсэргүүцлийн бэлгэдэл болсон бөгөөд олон залуус тансаг цүнх барин жагсаалд оролцож байгаа нь энэхүү дуулианы эхлэл болсон бичлэгийг ёгтлон шүүмжилж буй хэлбэр гэж үзэж байна.

Тун шударга дүр төрхтэйгөөр засгийн эрхэнд гарсан Оюун-Эрдэнэ нь төрийн байгууллагын авлигыг арилгахыг зорьж байсан ч энэхүү дуулиан нь түүний ёс суртахуун, улс төрийн үйл хэрэгт хүчтэй цохилт өгч байна. Монголын эрх баригчид олон нийтийн шахалтаар Ерөнхий сайдын хүү болон сүйт бүсгүйн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар энэ хэрэг нь зүгээр нэг сошиал дуулиан бус, Монгол дахь улс төр, бизнесийн хэт холбогдол, элит давхаргын ёс суртахууны доройтолд иргэдийн бухимдал дэлбэрсэн үйл явдал болж байна.

Нөгөө талаар Ерөнхий сайд одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд огцрох эсэх асуудалд олон нийтийн анхаарал төвлөрч байна.

 

нийтлэлийг унших бол энд дарна уу?