ХХААХҮЯ-ны сайд М.Бадамсүрэн Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос Сүхбаатарын талбайд зохион байгуулсан тайван жагсаал, цуглаанд орон нутгаас зорин ирж оролцож буй малын эмч нартай очиж уулзан, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагыг нь гардан авчээ.
Тэрээр Салбарын сайдын хувьд Монгол орны өргөн уудам нутагт эрдэнэт мал сүргийн эрүүл мэндийн төлөө хөдөө гадаа хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг малын эмч нарын тавьж буй энэхүү шаардлагыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Малын эмч нарын зүгээс мал эмнэлгийн үйлчилгээ бол бизнесийн бус төрийн зайлшгүй үйлчилгээ гэдгийг тодотгоод уг үйлчилгээг үзүүлж буй малын эмч нар тогтвортой санхүүжилт, баталгаатай нөхцөлтэй ажиллах ёстой, цаашид тус салбарт эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.





