Авлигатай тэмцэх газраас (АТГ) Туулын хурдны зам, Шинэ тойрог авто зам болон Сэлбэ дэд төвийн төсөл зэрэг нийт 24 төсөл, хөтөлбөрт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран санхүүгийн мөрдлөг явуулж, 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад байна. Одоогоор 9 иргэнийг яллагдагчаар татаж, хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан бөгөөд нийслэлийн Прокурорын газраас өгсөн зөвшөөрлийн хэмжээ, хязгаарын дотор дараах мэдээллийг ил болголоо.
Туулын хурдны замын төсөл: 500 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ба интерполын эрэн сувалжлах ажиллагаа
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд 500 тэрбум төгрөг олгохдоо хууль зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээд болох Т.Даваадалайд шилжүүлсэн гэж үзжээ. Улмаар 9 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг яллагдагчаар татсан байна.
Түүнд дуудан ирэх хуудас удаа дараа хүргүүлсэн боловч ирээгүй бөгөөд энэ оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан бүртгэлтэй байгаа юм. Хаяг байршлыг нь тогтоох зорилгоор Интерполд хандсан бөгөөд албан бус мэдээллээр Канад улсад байгаа гэгдэж байна.
Монгол Улс болон Канад улс нь эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцан гэрээгүй ч Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улсууд тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харилцан шилжүүлэн өгөх үүрэгтэй байдаг аж.
Дээрх хэрэгт Х.Нямбаатараас гадна 5 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна. Мөн Улаанбаатар хотын ногоон ой сангийн 7.2 га талбай уг төсөлд өртсөн бөгөөд бургасан ойг шилжүүлэн суулгасны дараа төслийг хэрэгжүүлэх ёстой байтал хавтгайруулан огтолсон байна. Ийнхүү хууль зөрчин огтолсны улмаас байгаль орчинд 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.
Шинэ тойрог авто зам: ТЭЗҮ-ийн 16.9 тэрбум төгрөгийн тендер
Шинэ тойрог авто замын төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ) 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийн сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий 3 этгээдтэй нийлж шалгаруулсан гэж үзсэн байна. Энэхүү асуудалд холбогдуулан Т.Даваадалай болон нэр бүхий 3 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт ба 20 гаруй тендерийн асуудал
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн хүрээнд зарласан 7 багц тендерт 994 айлын 14 блок барилгын ажил тусгагдсан бөгөөд төсөвт өртөг нь 223.4 тэрбум төгрөг юм. Энэхүү сонгон шалгаруулалтаар нэр бүхий хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж байгаа ба НИТХ-ын төлөөлөгч өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг оролцуулсан хэрэгт шалгагдаж байна.
Мөн Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хүн болон хуулийн этгээдэд 20 гаруй тендерийг хууль бусаар олгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм.
Тухайлбал:
-
"С" гэх хүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн 3.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэгчээр шалгаруулсан,
-
Уг хуулийн этгээдэд Соёлын төв өргөөний (СТӨ) их засварын барилгын ажлыг хууль бусаар олгосон,
-
Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлын тендерт мөн шалгаруулан санхүүжилт олгосон гэх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


