Улсын төсвийн төлөвлөлтийн дэлгэрэнгүй задаргааг задгай файл хэлбэрээр олон нийтэд ил тод болгох зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах санал бүхий “Улсын төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргааг олон нийтэд ил болгоё” (PN-202611-28266) өргөдөл Нийтийн өргөдлийн системд бүртгэгдэж, 100,000 иргэний гарын үсэг цуглуулах шатанд орлоо.
Уг өргөдлийг Нэмэхбаярын Амаржин 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр санаачилсан байна.
Төсвийн задаргааг ил болгох шаардлагын үндэслэл
Өргөдлийн тайлбарт дурдсанаар, сүүлийн арван жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага 4–4.5 дахин тэлж, нийт зарлагын дунджаар 75–82 хувийг урсгал зардал бүрдүүлэх болжээ. Мөн олон улсын авлигын индексээр Монгол Улс 2016 онд 87-р байрт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 124-р байр руу ухарсан үзүүлэлтийг онцолсон байна.
Төсвийн зарцуулалтын нарийвчилсан задаргаа ил тод бус байгаагаас ЖДҮХС, Хөгжлийн банк, төрийн өмчит компаниудын тендер, нийтийн тээврийн худалдан авалт, нүүрс болон төрийн тусгай сангуудтай холбоотой томоохон зөрчил гарч, татвар төлөгчид болон аж ахуйн нэгжүүдэд ачаалал үүсэж буйг санаачлагч тодотгожээ.
Өргөдлөөр тусгуулахаар санал болгож буй зохицуулалт
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлах хүрээнд дараах мэдээллийг олон нийтэд задгай файл хэлбэрээр нээлттэй болгох шаардлага тавьж байна:
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт: Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний дугаар, ач холбогдлын эрэмбэ, оноо, үндэслэл тайлбарыг тусгах;
Урсгал зардлын төлөвлөгөө: Урсгал зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнийн дүнг нарийвчлан харуулах;
Нээлттэй өгөгдөл: Төсвийн төслийн бүх төсөл, арга хэмжээ, хөтөлбөр, урсгал зардлын төлөвлөгөөг задгай файл хэлбэрээр нийтэд дэлгэх.
Төсвийн задаргааг ил тод болгох чиглэлээр өмнө нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хуулийн төсөл өргөн барьж байсан ч гишүүдийн хангалттай дэмжлэгийг авч чадалгүй унаж байсан юм. Ийнхүү хууль тогтоогчдын түвшинд дэмжлэг авалгүй зогсож байсан асуудлыг иргэдийн гарын үсэг цуглуулах замаар Нийтийн өргөдлийн системээр дамжуулан дахин хөндөж байна.
Нийтийн өргөдлийн системд хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах өргөдөлд 100,000 иргэний гарын үсэг цуглуулсан тохиолдолд асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үндэслэл бүрддэг.


