• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Н.Тавинбэх: Би цалингаараа л амьдарч ирсэн, надад 400 тэрбум төгрөг ч байхгүй, хувийн машин ч үгүй

Н.Тавинбэх: Би цалингаараа л амьдарч ирсэн, надад 400 тэрбум төгрөг ч байхгүй, хувийн машин ч үгүй

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэрбээр шүүх хуралдааны үеэр өөрт тулгаад буй яллах дүгнэлт, хөрөнгө чинээний талаархи мэдээллийг эрс няцаалаа.

Уг хэрэг нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой юм. Тодруулбал, БНСУ-ын “Эксим банк”-ны 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй тус төслийн зөвлөх үйлчилгээний хугацаа дуусч, гүйцэтгэл хангалтгүй байсан гэх нөхцөл байдалд тухайн үеийн ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж АТГ-аас үзжээ. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.долларыг түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компанид олгосон хэмээн шалгагдаж байгаа юм.

Шүүх хуралдаанд Н.Тавинбэх хэлсэн үгэндээ:

  •  "Надад 400 тэрбум төгрөгийн хөрөнгө, 4 болон 24 хаус байхгүй. Би 2013 онд худалдан авсан байрандаа одоог хүртэл амьдарч байгаа. Цалингаараа л амьдарч ирсэн учраас хувийн машин ч үгүй. Прокурорын зүгээс намайг 'хувийн жолоочтой' мэтээр яриж байгаад гайхаж байна."

  • "Хамт ажиллаж байсан Мөнхтулга гэдэг хүн надад авилга өгсөн гэж гүтгэж байна. Би ямар ч мөнгө аваагүй. Мөнхтулга болон 'Эрдэнэзаан' компанийн захирлын мэдүүлэгт Пүрэвбаатарт өгсөн гэх мөнгөн дүн нь 27 сая, 30 сая гэх мэтээр гэнэт өөрчлөгддөг. Мөнгийг бэлнээр эсвэл дансаар өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа тул дансны хуулгыг дахин шалгаж өгнө үү."

  • Товуудоржтой холбоотой 18 сая төгрөгийн асуудал: "Намайг Товуудоржийг өөрийн төлөөллөөр томилохын тулд 18 сая төгрөгийн авилга авсан гэж буруутгаж байна. Гэтэл 2020 оны зургадугаар сард Товуудорж над руу ярьж, сайд асан М.Сономпилийг Мөнгөнморьтын хориход эргэж очоод, Хэрлэнгийн эрэг дээрх амралт руу цахилгааны шугам татаж өгөхөд дэмжлэг хүссэн асуудлыг ярьж байсан" хэмээн мэдүүлжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр зөрүүтэй мэдүүлэг, санхүүгийн баримтуудыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасныг шүүгдэгч дэмжиж байгаагаа илэрхийллээ.