• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Эпштейний нөлөөгөөр Дубайн гэрээ батлагдаж, Монгол Улс 15 тэрбум долларын өрөнд орсон"

"Эпштейний нөлөөгөөр Дубайн гэрээ батлагдаж, Монгол Улс 15 тэрбум долларын өрөнд орсон"

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Жэффри Эпштейнтэй холбоотой асуудлаар хийх нээлттэй сонсголын талаар тодорхой мэдээлэл өгч, нийгэмд үүсээд буй зарим шүүмжлэлд тайлбар хийлээ.

Тэрээр хэлэхдээ, "Сонсгол хийхэд одоо хоёр хоногийн хугацаа үлдээд байна. Би одоо түмний дунд элэг доог болоод л явж байна. Эпштейн гэдэг хүнтэй холбоотой асуудлаар бараг л үхсэн хүнийг шүүх гэж байгаа юм шиг намайг нийгэмд харлуулж байна. Гэтэл өнөөдөр манай Монгол Улс дэлхийн бусад орнуудаас энэ хүнтэй холбоотойгоор сонсгол хийх 20 гаруй орны нэг нь болоод байна" гэв.

Мөн хүний эрхийн асуудлыг хөндөж байгаагаа онцолж, сонсголын үеэр дараах үндсэн гурван сэдвийг ярихаар төлөвлөснөө тайлбарлалаа:

  1. Хүний эрхийн асуудал болон асрамжийн газар: Монгол охин, Монгол эмэгтэй хүний эрх тэнд зөрчигдсөн байна. Гадаадад аваачиж хүчиндүүлсэн бодит кейсүүд гарч ирсэн. Мөн асрамжийн газрууд хүүхэд үрчлүүлэхдээ ямар нэгэн бичиг баримт хөтөлдөггүй, ардаас нь санал санаачилга гаргадаггүй болохыг онцлов.

  2. Дубайн гэрээ ба эдийн засгийн нөлөө: Энэ хүний нөлөөгөөр өнөөдөр "Дубайн гэрээ" гэдэг зүйл батлагдаж, Монгол Улс өдөрт 15 тэрбум долларын хүүнээс хүүгийн өр зээлэнд ороод явж байна. Яагаад энэ хүн Монгол Улсыг сонирхох болов гэдгийг судлахад ерөөсөө л байгалийн баялаг байсан.

  3. Төрийн нууц ба хуулийн байгууллагын ажиллагаа: Тусгаар улсын төрийн сонгууль, төрийн нууц гэдэг юм байхгүй болсон байна. Хоёр хүний хоорондын мэйл харилцаан дээр "нууцын тамгатай", "маш нууц" гэсэн бичгүүд гадаадын иргэн рүү дураараа илгээгдэж байсан нь тогтоогдсон. Үүнд манай хууль хяналтын байгууллагууд өнгөрсөн хугацаанд яагаад ажиллаагүй, юу нөлөөлснийг тодруулна.

Эцэст нь Б.Баярбаатар гишүүн энэ бол бидний өнөөдөр зөрчигдөж буй эрх, мөн цаашлаад бидний үр хүүхдийн эдлэх эрхийн асуудал тул иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд анхаарал хандуулах ёстойг санууллаа.