Энэхүү шинэчлэл нь иргэдэд учирдаг хүндрэл, чирэгдлийг бууруулахын зэрэгцээ авто замын аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг сайжруулж, ачилтын компанийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байна. Шинэ журмын төсөлд жолооч, иргэдийн эрх ашгийг хамгаалсан дараах гол зохицуулалтуудыг тусгажээ:
Ачилтын хүрээг тодорхой болгоно: Цаашид зөвхөн хөдөлгөөнд бодитоор саад учруулж, гол гудамж, замд байршуулсан автомашиныг зөөж шилжүүлнэ. Харин хотхон, хороолол доторх зогсоолын зөрчлийг ачилтын машинаар бус, цагдаагийн байгууллагын "102" аппликэйшнээр бүртгэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Урьдчилан анхааруулах боломж олгоно: Тээврийн хэрэгслийг шууд ачиж явахын оронд жолоочид урьдчилан мэдэгдэж, автомашинаа өөрөө холдуулах, буцаан авах боломж олгох зохицуулалтыг нэвтрүүлнэ.
Хохирлыг бүрэн хариуцна: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх явцад автомашинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учирсан тохиолдолд тухайн ачилтын үйлчилгээ эрхлэгч байгууллага хохирлыг бүрэн хариуцахаар тусгасан байна.
Санхүүгийн ил тод байдал ба хяналт: Ачилтын төлбөрийг хувь хүний бус, зөвхөн албан ёсны байгууллагын дансаар төвлөрүүлэх бөгөөд түр саатуулах хашааны үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана.
Ийнхүү журмыг шинэчилснээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх ажиллагаа нь иргэдийг торгож шийтгэх хэрэгсэл бус, харин замын хөдөлгөөний эмх цэгц, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээ болж төлөвших ач холбогдолтой хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байна.


