Өнгөрсөн хоногт Хөвсгөл аймгийн 1 суманд 0.1 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 06-07-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 07-ны өдөр Баян-Өлгийн зарим, Увсын баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4...+9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2...+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдлын хувьд 07-08-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм, 08-09-нд шилжих шөнө Баян-Өлгийн зарим, Дорнодын хойд сумдын нутгаар, 09-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын зарим сумдын нутгаар, 10-нд Баян-Өлгий, Увс, Завханы ихэнх, Хөвсгөл, Ховд, Архангай, Хэнтий, Дорнодын зарим, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн сумдын нутгаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв аймгийн зарим, Завханы зүүн, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-5.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 08-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 09-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 10-нд Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.





