Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулав.
12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 18%-д нэн их, 28%-д их, 34%-д дунд, 15%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 5%-д хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.


