Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт өнөөдөр "Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны чиг хандлага” судалгааны үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох арга хэмжээ боллоо. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлийн төрийн бус 17 байгууллага уг судалгааг Канадын Дюфрен Готьегийн сангийн дэмжлэгтэйгээр хамтран хийсэн байна.
Арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг болон мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн 21 аймаг, 9 дүүргийн 78 албан хаагч цахимаар, 6 дүүрэг болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтэн, ТББ-ын төлөөлөл зэрэг 34 хүн танхимаар оролцлоо.
Судалгааны үр дүнг Толгойт хорооллын нутгийн хөгжлийн төвийн захирал Т.Амгалан, санал, зөвлөмжийг “Хүүхэд, залуусын хөгжил, хамгаалал” ТББ-ын захирал Ц.Баттуяа танилцуулав. “Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Б.Оюундарь ТББ-уудын үйл ажиллагаа, туршлагаас хуваалцлаа.
Танилцуулгад дурдсанаар Монголын 1.3 сая хүүхдийн 11.4 орчим хувь буюу 150 мянга гаруй нь эрсдэлт нөхцөлд байна. Судалгаанд оролцогчид дэлгэцийн хэт хэрэглээ (67%), цахим орчны эрсдэл (53.8%), дээрэлхэлтийг (27.9%) хүүхдэд тулгарч буй нийтлэг асуудал гэж онцолжээ.
Хүүхэд хамгааллын тогтолцоо хангалттай дэмжлэг үзүүлж байна гэдэгтэй 304 оролцогчийн 64.1 хувь нь санал нийлээгүй байна. Урьдчилан сэргийлэлт сул (51%), эрсдэлтэй хүүхдийг илрүүлж чаддаггүй (44.4%), үйлчилгээ хангалтгүй (42.7%) гэснийг гол сул тал хэмээн нэрлэжээ. Мэргэжлийн боловсон хүчин, урт хугацааны үйлчилгээ дутмагаас кейс хурдан хаагдаж, үр дүнд хүрэхгүй тохиолдол их байгааг мэргэжилтнүүд дурдлаа.


