УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад зорилтот бүлгийн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмүүлж чадсанаа онцолжээ. Энэхүү өөрчлөлт нь 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Тодруулбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн байна.
Энэ хүрээнд дараах халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүд амьжиргааны доод түвшин болох 600,000 төгрөгт хүрээд байна:
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр: Өмнө нь 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэв.
-
Нийгмийн халамжийн бусад тэтгэвэр: Ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эх, эцэгт олгодог 432,000 төгрөгийн тэтгэврийг 168,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэлээ.
-
Хүүхдийн тэтгэмж: Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 600,000 төгрөг болголоо.
-
Асаргааны тэтгэмж: Асаргааны тэтгэмжийг 330,000 төгрөгөөс 40,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 2027 оны төсвийн төсөлд уг тэтгэмжийн хэмжээг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаа аж.





