• Нүүр
  • Social Room
  • Өөрийн гараар 14–21 хоногийн хоол хүнсээ урьдчилан хөлдөөн бэлтгэдэг ээж Д.Бямбасүрэн

Өөрийн гараар 14–21 хоногийн хоол хүнсээ урьдчилан хөлдөөн бэлтгэдэг ээж Д.Бямбасүрэн

Эрүүл хооллолтыг хэвшүүлсэн сувилагч ээж Д.Бямбасүрэн

Д.Бямбасүрэн амаржихынхаа өмнө нэг сарын хоол хүнс, ногоогоо урьдчилан бэлтгэж, хөлдөөн хадгалжээ. Тэр зөвхөн амаржсаны дараах хугацаанд хэрэглэх хүнсээ бус, өдөр тутмын хэрэглээндээ зориулан 14-21 хоногийн хүнсээ тогтмол бэлдэж хэвшжээ. Мах, ногоо, гурилаа хэрчиж савлан хадгалахаас гадна бууз, банш зэрэг хоолыг өөрийн гараар хийж хөлдөөж байна. Мөн талхаа гэртээ өөрөө барьдаг аж.

Түүний үзэж буйгаар хоол хүнсээ урьдчилан бэлтгэх нь эрүүл, зөв хооллох дадлыг бий болгохоос гадна цаг хугацаа болон санхүүгийн хувьд хэмнэлттэй байдаг. Тэр энэ талаарх туршлагаа цахим орчинд хуваалцсан бөгөөд энэ нь олон хүнд үлгэр жишээ болсон юм. Түүний энэ туршлагыг харсан хүмүүс “Бэрээ болгох юмсан”, “Охиноо болгомоор байна”, “Яг өөрөө хийсэн үү”, “Ямар мундаг юм бэ” зэргээр сэтгэгдлээ хуваалцжээ. Д.Бямбасүрэнгийн сувилагч мэргэжилтэй бөгөөд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажилладаг. Бид түүнтэй уулзаж, хэрхэн хоол хүнсээ бэлтгэн хадгалдаг талаар ярилцлаа.

Д.Бямбасүрэн 42 настай. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байна. Тэрээр 10 гаруй хоногийн дараа амаржих юм. Түүний том охин 17 настай, 12 дугаар ангид суралцдаг бол хүү нь дөрвөн настай, цэцэрлэгт явдаг.

Д.Бямбасүрэнгийн гэр бүл хоол хүнсэндээ онцгой анхаардаг байна. Тэд гадуур хооллохоос илүү гэртээ өөрсдийн гараар хоол хийж идэхийг эрхэмлэдэг аж. Тэрээр “Манай гэр бүл хоол хүнсэндээ их ач холбогдол өгч анхаардаг. Гадуур хоол идэхээс илүү гэртээ өөрсдийн гараар хийж идэх дуртай. Эмэгтэй хүн хоол унд сайтай, ажилсаг байх хэрэгтэй гэж боддог. Учир нь аав маань бага байхаас ажилд сургасаар ирсэн. Буриад хүн байсан болохоор талхаа хүртэл өөрөө барихыг зааж сургасан” хэмээн ярив.

Тэд мөн намрын улиралд шинэ өргөст хэмх болон төрөл бүрийн ногоо худалдан авч, өвөл болон жилийн турш хэрэглэхээр бэлтгэдэг байна. Ийнхүү хүнсээ улирлаар нь базааж, гэрийн нөхцөлд боловсруулан хадгалах нь гэр бүлийнх нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Учир нь тэрээр энэ бүхнийг ганцаараа бэлтгэхээс илүү нөхөр нь их тусалдаг гэлээ. Мөн охин нь маш сайн хоол хийдэг талаар дурдсан юм.

Д.Бямбасүрэнгийн хувьд хоол хүнсээ урьдчилан бэлтгэх нь зөвхөн амаржсаны дараах үеийн хэрэгцээ бус, олон жилийн турш хэвшүүлсэн амьдралын дадал юм. Өөрийн гараар хийсэн хоол хүнс хэрэглэх, орц найрлагад нь анхаарах, хүнсээ төлөвлөж авах зэрэг нь эрүүл хооллолтыг хэвшүүлэхийн зэрэгцээ өрхийн зардлаа хэмнэхэд нь тусалдаг байна.