УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, Засгийн газраас баримталж буй бодлого, мега төслүүдийн явц болон нийслэлд хийсэн улс төрийн хариуцлагын алхмынхаа талаар гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Хурлын уур амьсгалаас үзвэл, Ерөнхий сайдын гаргасан шийдвэрүүд, тэр дундаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулсан явдлыг намын бүлэг бүхэлдээ, тэр дундаа Д.Амарбаясгалангийн фракцынхан ч ил тод дэмжсэн уур амьсгал давамгайлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал бүлгийн хуралдааны үеэр хэд хэдэн чухал асуудлыг хөндсөний дотор иргэдийн бухимдлыг төрүүлж буй махны үнийн өсөлтийн эсрэг авах шуурхай арга хэмжээ болон тэтгэврийн тогтолцоог шударга болгох шинэчлэлийн явцыг танилцууллаа. Мөн Оюутолгойн хэлэлцээрийн шинэ шатны ажлууд болон бусад мега төслүүд урагшилж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн тэрбээр Улаанбаатар хотын удирдлагын асуудалд цэг тавьснаа албан ёсоор тайлбарласан байна. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Х.Нямбаатарыг огцруулах шийдвэр гаргаснаа хэлж, энэ нь хариуцлага, ёс зүйн зарчимтай шууд холбоотойг гишүүдэд уламжилжээ.
«Төр төмбөгөр, ёс ёмбогор»: Бүлгийн гишүүд Х.Нямбаатарын харилцаа, хандлагыг шүүмжлэв
Хуралдааны явцад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Зулпхар, Х.Ганхуяг, Д.Рэгдэл, Г.Дамдинням нар үг хэлж, байр сууриа илэрхийлжээ. Гишүүдийн шүүмжлэлийн гол сумыг огцорсон хотын дарга руу чиглэсэн байна.
УИХ-ын гишүүд Х.Нямбаатарын бүдүүлэг ааш авир, харилцааны соёл хэрээс хэтэрснийг дуу нэгтэйгээр тэмдэглэжээ. Тэд хэлсэн үгэндээ:
"Хотын дарга хүн зөв, соёлтой, хүнлэг байх ёстой. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. Төрийн өндөр албан тушаалтан, тэр дундаа нийслэлийн удирдлагаас ёс зүй, харилцааны өндөр соёл хадгалагдах ёстой" хэмээн байр сууриа илэрхийлцгээсэн байна.
Энэхүү шүүмжлэлд намын дотоод фракц, бүлгүүд, тэр дундаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талын гишүүд ч нэгдсэн нь Ерөнхий сайд Н.Учралын гаргасан хотын даргыг огцруулах шийдвэр намын дотооддоо бүрэн дэмжлэг авсныг илтгэж байна.
Томоохон төслүүд «гоё» ч, ард түмний аягатай хоол чухал
Бүлгийн хурлаар зөвхөн улс төрийн томилгоо, хариуцлага яриад зогсохгүй, эдийн засгийн бодит нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын алдааг хурцаар хөндлөө.
Гишүүдийн зүгээс Засгийн газрын хэрэгжүүлж буй мега төслүүдийг үгүйсгээгүй ч үр ашигт нь анхаарахыг сануулав. "Том төслүүд сонсоход гоё, сайхан ч хамгийн гол нь ямар үнэ өртгөөр босож, ард түмэнд ямар үр ашиг авчрах вэ гэдэг нь чухал" гэдгийг гишүүд Ерөнхий сайдад хандан хэлсэн байна.
Мөн 10, 11 дүгээр сард түлшний үнэ тогтвортой, нөхцөл байдал гайгүй байхад хотын удирдлагууд болон холбогдох албаныхан нөөцийн мах бэлтгэлээ цаг хугацаанд нь хийж чадалгүй алдсаныг хатуу шүүмжиллээ. Энэхүү хариуцлагагүй, төлөвлөлтгүй ажлын уршгаар өнөөдөр махны үнэ тэнгэрт хадаж, "ард түмний аягатай хоолыг хороож байна" гэдгийг гишүүд сануулж, үүнд Засгийн газар болон нийслэл онцгой анхаарч, шуурхай зохицуулалт хийхийг шаардлаа.





