Хиймэл оюун ухаан ба хүний мөн чанар: Бид юуг гээж байна вэ?

Өнөөдөр бид мэдээллийн асар том далайд амьдарч байна. Технологи хөгжихийн хэрээр бидний амьдрал хөнгөвчлөгдөж байгаа мэт боловч нөгөө талдаа хүний төрөлх чадвар, сэтгэл зүйн дархлаа суларсаар байгааг сэтгэл зүйчид анхааруулж байна. Бид "Монгол өрх" сэтгэл зүйн  төвийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.

Шүүн тунгаах чадвар ба бүтээлч сэтгэлгээний мөхөл

Хиймэл оюун ухаан (AI) хөгжихийн хэрээр хүмүүс аливаа асуултын хариултыг шууд авахад суралцаж байна. Энэ нь бидний шүүн тунгаах чадвар (critical thinking) болон бүтээлч сэтгэлгээг үгүй хийх аюултай. Өмнө нь бид аливаа зүйлийг тогтоож, тархиндаа боловсруулдаг байсан бол одоо бүх зүйлийг технологид даатгаснаар тархины "механик ажиллагаа" зогсож байна.

Сэтгэл зүйн ганцаардал ба донтолт

Технологийн дэвшил хүмүүс хоорондын амьд харилцааг үгүй хийж, үүнийг орлох хиймэл харилцааг бий болгож байна. Жишээлбэл, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад AI-тай гэрлэх тохиолдол гарч байгаа нь хүмүүс хоорондын харилцааны дутагдал, ганцаардлын илрэл юм. Хүн өөрийг нь ойлгож, сонсох хүн байхгүйгээс болоод хиймэл оюун ухаанд донтож, түүнд хэт хамааралтай болох аюул нүүрлээд байна.

Технологи ба Альцгеймерийн эрсдэл

Тархи ажиллахгүй, мэдээллийг боловсруулахгүй байх тусам ой санамж алдагдах, цаашлаад Альцгеймер буюу зөнөх өвчин тусах магадлал эрт үед илрэх эрсдэлтэй. Бид утасны дугаар тогтоох, тоо бодох зэрэг энгийн үйлдлүүдийг ч хийхээ больсон нь тархины үйл ажиллагааг идэвхгүй болгож байна.

"Байгаль дэлхий хүн төрөлхтнийг устгахгүй, хүн төрөлхтөн өөрсдөө өөрсдийгөө устгана." - С. Баасанбат


Хэрхэн сэргийлэх вэ?

Техник технологи хэдий хөгжсөн ч хүн өөрийн хүний шинж, амьд харилцаагаа хадгалж үлдэх нь хамгийн чухал юм.

  • Мэдээллийг нягтлах: ChatGPT зэрэг платформуудын өгч буй мэдээлэл 100% үнэн биш гэдгийг санаж, заавал эх сурвалжаас нь тулгаж байх.

  • Амьд харилцааг эрхэмлэх: Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, сэтгэл хөдлөлөө хуваалцах.

  • Тархиа цэнэглэх: Ном унших, ой тогтоолтын дасгал хийх зэргээр тархиа байнга ажиллуулах.