Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдаан болох товтой байсан ч АН-ын бүлгээс ирүүлсэн албан бичгийн дагуу хуралдааныг хойшлуулж, цуцалсан. Гэвч үүнийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эсэргүүцэж хуралдааныг эхлүүлсэн нь хууль эрх зүйн маргаан дагуулаад байна.
НИТХ-ын дарга А.Баяр ирээгүй, хурал товлоогүй тул Засаг дарга хуралдааныг хүч түрэн эхлүүлэв. Энэхүү хуралдааны үеэр гарсан аливаа шийдвэр, тогтоол нь хүчингүй байхыг хуульчид анхааруулж байна.
Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярыг танхимын микрофон, техник хэрэгслийг салгаж, мэдээллийн аюулгүй байдалд халдсан хэмээн буруутгаж, зөөврийн микрофон ашиглан хуралдааныг үргэлжлүүлсэн.
Хуульчдын тайлбарлаж буйгаар, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах, шинэ дарга томилох гэх мэт үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж байна.Энэхүү улс төрийн зөрчил нь олон их наядын төсөвтэй, байгаль орчны нөлөөлөл нь эцсийн байдлаар тодорхой болоогүй Туулын хурдны зам зэрэг төслүүдийг батлуулах сонирхолтой холбоотой гэж үзэж байна.
- Төслийн нөлөө: Х.Нямбаатар нарын зүгээс Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэх ажлыг НИТХ-ын төлөөлөгчдөөр гардан гүйцэтгүүлэхээр улайрсан гэх. Үүний ард өртөг зардлын тооцоо судалгаа олон нийтэд ил тод бус, усны судалгаа шинжилгээнүүд дутуу, усанд амьдардаг амьтдад бүтээн байгуулалт ямар нөлөө үзүүлэх зэрэг нь тодорхойгүй байгаа зэргээс үүдэн Засгийн газраас зогсоогоод байгаа төсөл юм.
- Байр суурийн зөрүү: НИТХ-ын дарга А.Баяр уг төслийг эсэргүүцэж, иргэдийн талд зогсож буй нь уг зөрчлийн гол шалтгаан болжээ.
- Дэгийн өөрчлөлт: Нийслэлийн Засаг дарга НИТХ-ын "хуралдааны дэг"-т өөрчлөлт оруулахыг эрмэлзэж байна. Уг өөрчлөлтөөр НИТХ-ын дарга ямар нэг шалтгаанаар эзгүй үед НИТХ-ын зөвлөлөөс хуралдаан зарлах боломжтой болох бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхээр хүч түрэн хуралдааныг эхлүүлж, А.Баярыг огцруулжээ. Гэвч энэ үйлдэл нь хуулийн зөрчилтэй тул хүчингүй шийдвэр болж болзошгүй байна





