Өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттайгаар худал мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээнд хуурамч (тролл) хаягуудаар тарааж байсан бүлэг этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаас илрүүлэн, тогтоосон байна. Түүнчлэн уг хэрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (НЗДТГ) зарим албан тушаалтнууд холбогдон, шалгагдаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ.
Санхүүжүүлэгчээ хүлээсэн „М“ ба Хятад руу оргосон „З“
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад саатуулагдсан иргэн М гэгч нь Засгийн газрын эсрэг чиглэсэн гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг НЗДТГ-ын нэр бүхий ажилтнуудын санхүүжилтээр олон нийтийн сүлжээнд тарааж байснаа хүлээж, мэдүүлэг өгсөн байна.
Үйл явдал үүгээр зогсоогүй бөгөөд уг зохион байгуулалттай хэрэгт оролцсон гэх сэжиг бүхий „Сэлбэ дэд төв“-ийн ажилтан З нь өнөө өглөө (2026.05.19) БНХАУ-ын хилээр нэвтэрч, оргон зайлсан болохыг хуулийнхан тогтоожээ.
Хэвлэлийн ажилтнаас мэдүүлэг авч байна
Энэхүү дуулиант хэрэгтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.С-ээс хууль хяналтын байгууллага мэдүүлэг авч эхэлсэн байна. Одоогоор түүнийг цагдан хориогүй бөгөөд хэргийн үйл баримт, зохион байгуулалт болон санхүүжилтийн эх үүсвэрийг тодруулахаар байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс өөрсдийн харъяа албан тушаалтнууд нь Засгийн газрын эсрэг тролл баг ажиллуулсан гэх асуудалд ямар байр суурьтай байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн талаар хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хиймэгц бид цаг алдалгүй эргэж мэдээлэх болно.





