Айлчлалын онцлох үр дүнгээс:
• Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
• Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтран ажиллах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
• “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан замын зураглал боловсруулахаар болов.
• Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.
• 6 дугаар сараас Казахстаны “Скат” агаарын тээврийн компани Улаанбаатар–Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
• Баян-Өлгий–Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцов.
• Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан ажлын хэсэг байгуулна.
• Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Монголоос ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
• Хархорум хот, Налайх дүүрэг болон Казахстаны Алатау, Талдыкорган хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоолоо.
• Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
• Монгол оюутан, залуусыг Казахстаны их, дээд сургуулиудад суралцахыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбар нээх санал тавилаа.
• Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт, дурсгалыг хамтран судалж, соёлын биет бус өвийн чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.
• “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулна.
• Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл байгууллаа.
• Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав.
• “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
• 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хуралд Казахстаны талыг оролцохыг урив.
• “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг Монгол Улс дэмжинэ.
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилсан “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
• Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
• Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.
• Казахстан Улс Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжинэ.
• НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлнэ.






