• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа.

Энэхүү хууль батлагдсанаар стратеги, эдийн засаг, нийгмийн хувьд чухал ач холбогдол бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ гэдгийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлынхаа эхэнд онцлохын зэрэгцээ гадаад зээлийн ашиглалтыг сайжруулснаар тухайн төслүүд цаг хугацаандаа ашиглалтад орох боломжтой болно гэдгийг мэдэгдлээ. 

Монгол Улс, ОХУ-аас эрчим хүчээ авсаар ирсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл цаг хугацаандаа ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд бүрэн бие даах ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох санхүүжилтийн боломжийг бий болгов. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт хэрэглээний 50 орчим хувийг хангах боломж  бүрдэнэ гэдгийг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ тодотгосон юм.

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Учир нь Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын төсөл УИХ-ын гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан. Улмаар Сэлбэ дэд төвийн асуудлыг хасаж,  Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ юм.