• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ерөнхийлөгчийн зарлигийг нөхөр нь уншиж, гэргий нь "Алдарт эхийн одон" гардан авлаа

Ерөнхийлөгчийн зарлигийг нөхөр нь уншиж, гэргий нь "Алдарт эхийн одон" гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авч байна. Өчигдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн ихэнх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай байлаа. 

Эдгээр Алдарт эхийн одонг хүртсэн эхчүүдээс бид Д.Чанцалыг онцолж байна. Тэрээр дөрвөн хүүхдийн ээж. Харин түүний нөхөр Ц.Ганзориг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хэвлэл Мэдээллийн албаны даргаар ажилладаг. Түүнийг Алдарт эхийн II одонг гардан авах мөчид нөхөр нь Ерөнхийлөгчийн зарлиг уншлаа. Тэд хэн хүнд заяахгүй ховорхон завшаан тохиосонд маш их баяртай байгаагаа хуваалцлаа. Тэдний сэтгэгдлийг хүргэж байна. 

          Алдарт эхийн одонт Д.Чанцал: Хувь тавилан юм даа гэж бодсон. Ер нь бол ингэж давхцах тохиолдол бас ховор байх аа. Хүний амьдралд цор ганц тохиолдох олон сайхан үйл явдлууд байдаг. Тэдгээр ховор тохиолдлын нэг нь өнөөдөр болж байгаа учраас үнэхээр сайхан байна. Хамгийн гол нь үр хүүхдүүдтэй минь холбоотой одон авч байгаа учраас маш гоё мэдрэмж төрж байна. Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч маань ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, одонгоор энгэрийг нь мялаадаг энэ соёл, ээжүүдийг хүндэлж байгаа энэ байдлыг өөрийн биеэр Төрийн ордонд ороод мэдрэхээр маш гоё, огшмоор, уярмаар сайхан байлаа. Энэ мөчид бүх ээжид талархал илэрхийлмээр санагдаж байна. Хүүхдээ өсгөхөөр зовж байгаа, жаргаж байгаа энэ цаг хугацаа, энэ их олон мэдрэмжүүд, бид бүгдэд адилхан байдаг юм шүү. Тэгээд ээжүүд маань ганцаараа биш шүү, бүгдээрээ адилхан ийм мэдрэмжүүд мэдэрдэг. Энэ хугацаанд хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж байх явцдаа өөрсдөө ч гэсэн төлөвшиж, хүүхдүүдээсээ суралцаад явж байгаа шүү гэж хэлмээр байна.

ЕТГ-ын Хэвлэл Мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншаад, эхнэрийнхээ овог нэрийг дуудаад, төрийн тэргүүнээс Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг авч байгаа тэр агшныг нь гэрчлээд, өөрөө төрийн тэргүүний зарлигийг уншина гэдэг бол тэр болгон бас олдохгүй хувь тавилан болов уу. Энэ хувь тавиландаа их талархаж байна. Бас тайзны араас уншиж байгаа ч гэсэн өөрөө очоод авч байгаа юм шиг сандардаг юм байна. Тэгээд эхчүүдийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, нүднээс нулимс гарах шахаж, хоолой зангирлаа. Бид танилцаж, гэр бүл болоод 17 жил өнгөрчээ. 17 жилийн хугацаанд дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон байна.

Миний гэргий, миний эхнэр, халамжтай сайхан хань. Бусад айлын гэргий, сайн ээжүүд шиг гэр бүлийнхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг. Бас миний хамгийн том ар тал болдог. Зарим үед миний урд тал ч болно, миний зориг болно. Зарим үед намайг няцашгүй байхад том дэмжлэг болно. Тэгээд хамгийн том зөвлөгч байдаг даа. Энэ мөчид Монголын бүх сайхан гэр бүлүүддээ, Алдарт эхчүүддээ, ээжүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бүх гэр бүлүүд элэг бүтэн, аз жаргалаар дүүрэн, эрүүл энх байх болтугай.