Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголбанк, арилжааны банкнууд болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтаар аялал жуулчлалын салбарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, тулгамдсан асуудлууд болон цаашид авах арга хэмжээний талаар бодит нөхцөл байдлыг хэлэлцэв.
Эрэлт 9 дахин давж, "бай сарних" эрсдэл үүсжээ
Засгийн газраас 2026 онд аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төлөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар зах зээл дээрх зээлийн эрэлт төсөөллөөс хэд дахин давсан үзүүлэлттэй байна.
-
Нийт хүсэлт: 1053 аж ахуйн нэгжээс 2.3 их наяд төгрөг.
-
Зөрүү: Төлөвлөсөн эх үүсвэрээс 9 дахин их.
-
Төвлөрөл: Нийт хүсэлтийн бараг тал хувь буюу 1.1 их наяд төгрөгийн хүсэлт зөвхөн нэг арилжааны банканд төвлөрсөн байна.
Үүнээс гадна аялал жуулчлалын чиглэлийн бус, зорилтот бус аж ахуйн нэгжүүд төсөл ирүүлж байгаа нь санхүүжилт жинхэнэ салбарын компаниудад хүрэхэд саад болж, зээлийн судалгаа удаашрах гол шалтгаан болж байгааг талууд онцлов.
Шинээр хэрэгжүүлэх 4 гол зохицуулалт
Зээлийг эзэнд нь хүргэх, ил тод байдлыг хангахын тулд салбарын яам болон банкууд дараах шийдвэрүүдийг гаргалаа:
-
Шүүлтүүрийг нарийвчлах: Зээл хүсэгч аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг улсын бүртгэл болон холбогдох мэдээллийн сантай тулган, зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр тогтвортой ажиллаж буй газруудыг эрэмбэлнэ.
-
Шилэн хяналт: Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, хэн, хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт авсныг ил тод мэдээлнэ.
-
Зарцуулалтын хяналт: 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлд "Хяналтын гэрээ" байгуулж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хатуу хяналт тавина.
-
Эх үүсвэрийг нэмэгдүүлэх: Зээлийн өндөр эрэлтийг харгалзан санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, банкуудын хуваарилалтыг илүү оновчтой болгох боломжийг судлахаар болов.
"Бидний гол зорилго бол татвар төлөгчдийн мөнгөөр олгож буй энэхүү хөнгөлөлттэй зээлийг салбартаа үнэхээр үнэ цэн бүтээж буй, зорилтот эзэддээ хүргэх явдал юм" хэмээн уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг бодитоор дэмжих, санхүүжилтийн шударга бус хуваарилалтыг таслан зогсоох нөхцөл бүрдэх юм.





