Сайн үйлс бүхэн заавал том хүний оролцоо, их хэмжээний хөрөнгө мөнгөөр хэмжигддэггүй.
Сүхбаатар аймгийн Наран сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1А ангийнхан ангийн багш М.Ганболорын санаачилгаар нэгэн сайхан үйлсийг бүтээжээ. Тус сургуулийн захиргаа болон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулж буй “Нэг анги - Нэг сайн үйл”, “Сайн үйлсийн өдөр” аяны хүрээнд бяцхан сурагчид нэгдэж, нутгийнхаа ахмад настанд туслахаар шийдсэн байна.
Хүүхдүүдийн сэтгэлийн бэлгийг хүртсэн хүн бол өвчний улмаас өрөөсөн хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ахмад настан Д.Доржпүрэв юм. 1А ангийн бяцхан сурагчид өөрсдийн боломжоор хандивын аян өрнүүлж, Д.Доржпүрэв ахдаа нэг сарын хүнсний хэрэглээ болон ариун цэврийн хэрэгслүүдийг биечлэн хүргэж өгчээ.
"Хүүхэд бүрийн сэтгэлээс өгсөн тус бүхэн энэ ахмад настны хувьд зөвхөн хүнсний дэмжлэг төдийгүй, нийгмийн хайр халамжийг мэдрэх том урам зориг болсон юм."
Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настанд тусламжийн гараа сунгаж, багаасаа бусдыг хайрлах, туслах ухаанд суралцаж буй эдгээр бяцхан шавь нартаа болон тэднийг чиглүүлсэн багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.
Бусдын төлөө цохилох халуун сэтгэлтэй, эрдэм номдоо шамдсан сайн иргэд болон өсөхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!






