2019 оны 12-р сарын 5-нд Мичиган мужийн Гранд Рапидс хотын Кент гүнлигийн шүүхэд таван настай хүү өөрийгөө үрчлүүлэх баярын өдөртөө цэцэрлэгийнхээ ангийнхныг бүгдийг нь урьжээ. Тодруулбал, Майкл Кларк Жр хэмээх хүүг аав ээж болох Дэвид Итон (Dave Eaton), Андреа Мелвин (Andrea Melvin) нар албан ёсоор үрчлэн авах үеэр ангийнхан нь ард талын суудалд цаасан зүрх барин сууцгаажээ.
Шүүгч Патрисиа Гарднер үрчлэлтийг баталгаажуулах үеэр танхимд байсан хүүхдүүд болон эцэг эхчүүд баярлан хөөрч, алга ташин баяр хүргэжээ. Майклын цэцэрлэгийн багш Кэрри Киффе (Kerry Keeffe) энэ санаачилгыг гаргасан бөгөөд "Түүний амьдралын шинэ хуудас нээгдэх энэ чухал өдөр ангийнхан нь гэрч болж, дэмжлэг үзүүлээсэй гэж хүссэн" хэмээн ярьжээ. Шүүх хурлын үеэр хүүхдүүд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд нэгэн бяцхан хүү "Майкл бол миний хамгийн сайн найз", харин өөр нэг охин "Би Майклд хайртай" хэмээн хэлсэн байна. Шүүгч Патрисиа Гарднер "Энэ бол миний шүүгчээр ажиллах хугацаандаа харсан хамгийн сайхан, хамгийн онцгой хурал байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Майклын шинэ аав Дэвид Итон "Бид хүүгээ ямар олон гайхалтай найзтайг харж бахархлаа. Мөн найзуудынх нь гэр бүлүүд бидэнд ямар их дэмжлэг үзүүлж байгааг хараад маш их баярлаж, сэтгэл хөдөлж байна" гэжээ. Мичиган мужийн Кент гүнлэгийн шүүхээс мэдээлснээр тухайн өдөр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үрчлэлтийн өдөр" байсан бөгөөд тухайн өдөр нийт 37 хүүхэд шинэ гэр бүлтэй болжээ.
Шүүхийн ердийн нэгэн хуралдаан болохоор эхэлсэн энэхүү үйл явц хүүг албан ёсоор гэр бүлтэйгээ учрах тэрхүү торгон агшныг тэмдэглэхээр ирсэн ангийнхан, багш нар болон тэдний гэр бүлээр дүүрсэн баярын танхим болон хувирсан байна. Энэхүү түүх нь хүмүүсийн эв нэгдэл, хүрээлэл гэдэг ямар их хүчтэйг харуулсан гэгээлэг үйл явдал болжээ.





