Хотын дарга Х.Нямбаатарын охин болон түүний тэжээвэр амьтантай холбоотой мэдээлэл, нийтлэлийг "Newsroom" сайт огт нийтлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн мэдээлэл нь өөр нэр бүхий сайт дээр гарсан бөгөөд Хотын дарга мэдээлэл өгөх үеэрээ сайтын нэрийг андуурч дурдсан юм.
"Эзэдтэй уулзсан" гэх мэдээллийн тухай
Хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Newsroom сайтын эзэдтэй биечлэн уулзаж, мэдээллээ устгахыг хүссэн" гэх агуулгатай зүйл ярьсан нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. "Newsroom" сайтын удирдлагууд болон редакцын зүгээс Хотын даргатай энэ асуудлаар ямар нэгэн байдлаар уулзаагүй, утсаар яриагүй бөгөөд тийм мэдээлэл нийтлээгүй тул устгах үндэслэл ч байхгүйг үүгээр мэдэгдэж байна.
Манай сайт нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйг дээдлэн ажилладаг бөгөөд баттай бус, хувь хүний нууц болон гэр бүлийн асуудалд хамаарах мэдээллийг нийтлэхээс татгалздаг. Олон нийтийн зүтгэлтэн, төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэлд мэдээлэл өгөхдөө хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндэд халдаж, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж байна.





