Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш сураггүй болсонд тооцогдож байсан иргэний амь насыг хамтран амьдрагч нь бүрэлгэж, ул мөрөө нуун далдлахыг оролдсон жигшүүрт хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллагааны үр дүнд илрүүллээ.
2025 оны тавдугаар сард иргэн "З" сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тухайн үеэс эхлэн эрэн сурвалжлах болон мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны эцэст хэргийн бодит үнэнийг тогтоожээ.
Эрүүгийн цагдаагийн албанаас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар:
-
Гэмт хэрэг үйлдсэн этгээд: Иргэн "Т" нь хамтран амьдрагч "З"-ын амь насыг 2025 оны тавдугаар сард хохироосон болох нь тогтоогдсон.
-
Ул мөрөө нуусан арга: гэмт хэрэгтэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн ул мөрийг нуун далдлах зорилгоор бусадтай хамтран цогцсыг зөөвөрлөж, нуусан байжээ.
Цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдох бүх этгээдүүдийг тогтоон, саатуулаад байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.
Сэрэмжлүүлэг: Иргэн та гэр бүлийн хүчирхийлэл болон бусад гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цаг алдалгүй хууль хяналтын байгууллагад мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.





