• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ардчиллын төлөөх тэмцлийг зэвсэгт хүчээр нухчин дарсан үйл явдлыг маркетингдаа ашигласан 'Starbucks Korea'-ын захирал халагдлаа

Ардчиллын төлөөх тэмцлийг зэвсэгт хүчээр нухчин дарсан үйл явдлыг маркетингдаа ашигласан 'Starbucks Korea'-ын захирал халагдлаа

Өмнөд Солонгост 1980 оны ардчиллын төлөөх жагсаалыг цэргийн хүчээр цуст хэлбэрээр дарсныг сануулсан маркетингийн аян олон нийтийн эгдүүцлийг төрүүлсний дараа "Starbucks Korea"-гийн тэргүүнийг ажлаас нь халжээ.

АНУ-ын кофе шопын сүлжээг Өмнөд Солонгост албан ёсны эрхтэйгээр ажиллуулдаг жижиглэн худалдааны "Shinsegae Group" конгломерат нь "зохисгүй маркетинг" явуулсных нь төлөө "Starbucks Korea"-гийн тэргүүн Сон Жон Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдгээ мэдэгдэв.

Сон-ыг халах шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө буюу Даваа гарагт "Starbucks" компани "Танк өдөр" (Tank Day) нэртэй аянаа эхлүүлж, "Танк" цувралын аягануудаа (tumbler) сурталчлахдаа "Ширээн дээр 'Так!' гэсэн чимээгээр тавь" гэсэн уриа үгийг ашигласан байна.

Даваа гарагт мөн 1980 оны 5 дугаар сард оюутнуудын эхлүүлсэн Гванжугийн бослогыг дурсдаг "Ардчилсан хөдөлгөөний өдөр" тохиосон бөгөөд уг асуудал Өмнөд Солонгост маш хүчтэй шүүмжлэл дагууллаа.


Хэлмэгдүүлэлтийн бараан дурсамж

Чун Ду Хваны цэргийн дарангуйллын дэглэм жагсаалыг дарахын тулд цэрэг, танкуудыг хөдөлгөх үеэр олон зуун хүн амь үрэгдсэн эсвэл сураггүй алга болсон гэж тооцогддог. Жагсагчид руу гал нээх тушаалыг хэн өгсөн бөгөөд олон нарийн ширийн зүйлс өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Чун Ду Хван ардчиллыг шаардсан тэмцэл ширүүссэний улмаас 1988 онд албан тушаалаасаа буужээ.

Шүүмжлэгчид мөн "так" гэдэг үгийг ашигласныг эсэргүүцэж байна. Энэ нь 1987 онд эрүүдэн шүүлтийн улмаас амиа алдсан оюутан жагсагчийн үхлийг зөвтгөх гэсэн Өмнөд Солонгосын цагдаа нарын тухайн үеийн тайлбарыг санагдуулсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, тухайн үед цагдаа нар мөрдөн байцаагчийг ширээ "так" хийтэл цохиход оюутан цочиж амиа алдсан гэж мэдэгдэж байжээ.

Reuters агентлаг Сон-той холбогдож тайлбар авч чадаагүй бөгөөд "Starbucks Korea" түүнийг хэдийнэ компанийг орхисон тул тайлбар өгөх боломжгүй гэв. Компани уг маркетингийн аянаа татан буулгасан байна.


Компаниуд уучлалт гуйв

Даваа гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мюн X Twitter хуудсаараа дамжуулан "Starbucks"-ын энэ аянд "маш их хилэгнэж" байгаагаа илэрхийлж, бослогын үеэр амь үрэгдэгсдийн гэр бүлийнхнээс уучлалт гуйхыг шаарджээ.

Уг аян нь "Гванжугийн иргэдийн цуст тэмцэл болон хохирогчдыг доромжилсон хэрэг" гэж Ерөнхийлөгч Ли хэлээд, үүнийг "ухамсаргүй наймаачны" үйлдэл хэмээн нэрлэжээ.

"Starbucks Korea" цахим хуудсандаа уучлалт гуйсан мэдэгдэл гаргасан бөгөөд "Shinsegae Group"-ийн дарга Чун Ён Жин мөн олон нийтийн өмнө уучлалт гуйв. Чун "Группийн төлөөлөгчийн хувиар би гүнээ бөхийн уучлалт гуйж байна. Энэхүү маркетинг нь олон нийт, ар гэрийнхэн болон 5 дугаар сарын 18-ны хөдөлгөөний хохирогчдод гүн шарх үлдээлээ" гэжээ.

"Starbucks Korea"-гийн (одоо SCK Company гэж нэрлэгддэг) 67.5 хувийг эзэмшдэг "Shinsegae"-гийн жижиглэн худалдааны сүлжээ "E-Mart" (139480.KS)-ийн хувьцааны ханш Сөүлийн хөрөнгийн бирж хаагдахад 5.5 хувиар унасан байна.


"Starbucks Global" (Олон улсын төв оффис) Мягмар гарагт мөн мэдэгдэл гаргаж, болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэв. "Starbucks Global"-ийн хэвлэлийн төлөөлөгч Reuters агентлагт илгээсэн цахим захидалдаа "Бид Гванжугийн ард түмэн, энэхүү эмгэнэлт явдалд нэрвэгдсэн хүмүүс болон үйлчлүүлэгчид, олон нийтээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ.

Мөн тэрээр "Удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авсан бөгөөд нарийвчилсан шалгалт хийгдэж байна. Ийм зүйл дахин давтагдахгүй байхын тулд бид дотоод хяналт, хяналтын стандарт болон компани даяарх сургалтуудыг чангатгаж байна" хэмээн нэмж дурдсан байна.