Сүүлийн үед сошиал орчинд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (ХМОНХХ)-ийн үйл ажиллагаа болон ажилтнуудыг чиглэсэн ноцтой мэдээллүүд цацагдах болсон. Үүнтэй холбогдуулан тус хэлтсийн дарга Г.Баярцэцэг өнөөдөр өөрийн байр сууриа илэрхийлж, албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр “НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Засгийн газрын эсрэг гүтгэлэг тарааж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг ‘Тролл арми’-аар харлуулж байсан нь илчлэгдлээ, 8-15 насны хүүхдүүдэд сард 2-3 сая төгрөгийн цалин өгч хүмүүсийг хараалгадаг байжээ” гэх мэт хүн үнэмшихэд бэрх мэдээллүүд сошиалд гарсанд хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид дуугүй өнгөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Г.Баярцэцэгийн гаргасан тайлбарыг багцлан хүргэж байна.
"Сэтгүүлчдэд 200 гаруй орон сууц, зуу зуун сая төгрөг тараагаагүй"
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Нямбаатарын хэвлэл 200 гаруй орон сууц, зуу зуун сая төгрөг сэтгүүлчдэд тараажээ” гэх мэдээлэл үе үе гарч байсан. Тэгвэл НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлд зарцуулдаг жилийн нийт төсөв нь 750 сая төгрөг байдаг аж.
"Энэ төсвөөр намайг яаж гэрээ байгуулж, ямар мэдээлэл өгч ажилладгийг хамтын ажиллагаатай редакциуд бүгд мэдэх учиртай. Би төсвийн хөрөнгийг халаасалж яваад, зүгээр тараагаад өгчихдөг юм биш. Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тайлан тооцоог нэгтгэж хаадаг юм. Надаас орон сууц, зуу зуун саяар нь мөнгө авсан сэтгүүлч байна уу. Тэр баримт нотолгоог ийм мэдээлэл түгээсэн хүмүүсээс одоо шаардана" хэмээн тэрбээр дурдлаа.
Ахлах мэргэжилтнийг шалгаж буй асуудал ба "Тролл арми"-ийн тухай тайлбар
Өнгөрсөн даваа гарагт тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Саранцэцэгийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгасан байна. Үүнийг хувь хүний гомдлоор, кибер халдлага үйлдсэн буюу хакер хийсэн гэх утгатай зүйл ангиар шалгаж байгаа аж.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа тул дэлгэрэнгүй ярихаас болгоомжилж буйгаа хэлэхийн зэрэгцээ үүнийг мушгин гуйвуулж, “НЗДТГ-ын ХМОНХХ-ийнхөн Засгийн газрын эсрэг ажиллажээ, төсвийн мөнгөөр ажиллуулдаг тролл арми нь илчлэгдлээ” гэж худал мэдээлэл цацаж байгааг эрс үгүйсгэв.
Тэрбээр хэлэхдээ: "Албаны ямар эх сурвалж өгсөн нь тодорхойгүй ийм мэдээллүүдийг баримтжуулж, хуулийн байгууллагад хандана. Мөн ийм мэдээлэл өгсөн болон түүнийг нь тарааж байгаа хүмүүсээс ‘Тролл арми’ гэдэг юу байдгийг хуулийн хүрээнд асууж, нотолгоо, баримтыг шаардана. Би Засгийн газрын эсрэг ажиллах нь байтугай Х.Нямбаатар даргын талаар бичсэн, бичдэг нэг ч сэтгүүлч, редакц руу асуудал, гомдол ярьж залгаж үзээгүй. Хувь хүний үзэл санаа, редакцийн бодлогыг хүндэтгэдэг" гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Улаанбаатар хоттой холбоотой өдөрт багадаа 10 мэдээлэл, контент бэлтгэн Ulaanbaatar.mn вэбсайтаар дамжуулан иргэдэд нээлттэй хүргэдэг байна.
"Гүжирдлэгт дуугүй явахгүй, хуулийн хүрээнд хандана"
Г.Баярцэцэг нь өдөр тутмын сонины сэтгүүлчийн ажлаа олон жилийн өмнө орхиж, 2018 оноос хойш төрийн байгууллагын хэвлэлийн албанд мэргэжилтнээс нь эхлэн шатлан дэвших зарчмаар ажиллаж иржээ.
Тэрбээр тайлбарынхаа төгсгөлд: "Төрийн албанд дарга солигдоход хэвлэл нь дагаад солигддог гэдэг бугшсан муухай ойлголт, үйлдэл байдгийг гадарлахаас биш хэвлэлийн төлөөлөгчийг үүрэгт ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьж, цахим орчинд гутаан доромжилж, гүтгэж байсныг мэдэхгүй. Албаны мэдээ, тайлбараа түгээх, болж бүтэж байгаа юмыг нь олон нийтэд дуулгах, төрөөс гарч буй шийдвэрийн талаар иргэдийг мэдээлэлжүүлэхийн тулд дуудлага, дэлгэц хоёртой л өдрийг бардаг. Тиймээс ч ажлын цаг наргүй байдал, хувь хүний хүмүүжил төлөвшлөөсөө болоод гүжирдлэгт дуугүй явж иржээ. Харин одоо тэгэхгүй" хэмээн мэдэгдлээ.





