• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

"Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлжээ

“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд орж, хууль хяналтын байгууллага шалгаж дуустал үйл ажиллагааг нь зогсоогоод байна. 

Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас (АТГ) “Туулын хурдны зам”-ын төслийн хүрээнд нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас "Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэдгийг тодотгосон.

Тэгвэл "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт Эрүүгийн Цагдаагийн албанаас өчигдөр буюу 2026.04.27-нд  нэгжлэг хийж, улмаар түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар саатуулан, шалгаж эхэлжээ. 

 Түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Мөн "Туулын 1-р тойрог зам"-ын тендерт оролцож байгаа гэх мэдээлэл байгаа юм.