Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг хаашаа орсон бэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийн санхүүжилт болон гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээний нөхцлийн талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр "бүх хүний оньсого" болоод буй 500 тэрбум төгрөгийн асуудлыг олон улсын жишиг гэрээний дагуу шийдвэрлэсэн гэв.


Төслийн урьдчилгаа санхүүжилт болох 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шууд олгоогүй бөгөөд олон улсын давхар даатгал болон банкны баталгааг үндэслэн шилжүүлсэн байна.

  • Гэрээлсэн компани банкны баталгаагаа байршуулсны дараа урьдчилгаа төлбөрийг авсан.

  • Хэрэв гүйцэтгэгч тал үүргээ биелүүлж чадахгүй бол олон улсын давхар даатгалаар мөнгийг буцааж татах бүрэн боломжтой.

Энэхүү төсөл нь олон улсын инженерийн зөвлөх инженерүүдийн холбооны FIDIC "Silver Book" загвар гэрээгээр явагдаж байна. Энэхүү гэрээний гол онцлог нь эрсдэлийг хоёр тал хуваан үүрдэгт оршино:

Ханшийн эрсдэл: Юанийн ханш өсвөл Монголын тал эрсдэлээ үүрнэ. Одоогоор урьдчилгаа төлбөрүүдийг шилжүүлснээр ханшийн эрсдэлийг бууруулж байгааг Х.Нямбаатар дарга онцоллоо.

Материалын үнийн эрсдэл: Шатахуун, битум, цемент зэрэг барилгын материалын үнийн өсөлтийн эрсдэлийг гүйцэтгэгч компани өөрөө бүрэн хариуцна.

Гүйцэтгэгч компани Монголд өөрийн салбар компаниа байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

  • Авсан санхүүжилтээрээ кемпүүдээ байгуулж, тоног төхөөрөмжөө татан, карьер олборлоход бэлэн болсон байна.

  • Зураг төсөл дуусаж, өрөмдлөгийн ажлууд хийгдэж байсан ч тодорхой шалтгааны улмаас ажил зогсоод байгаа аж.

Х.Нямбаатар дарга өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байсны хувьд санхүүгийн гэмт хэргийг мөрдөх арга барилыг сайн мэддэг гэдгээ илэрхийлээд, Авилгатай тэмцэх газар (АТГ)-ыг энэхүү мөнгөний зарцуулалтыг бушуу түргэн шалгаж, олон нийтэд мэдээлэхийг уриалав.

"Энэ орсон мөнгийг хаашаа гарсныг бүгдийг нь программ гаргаад ирдэг юм. Үүнийг АТГ шалгаад танилцуулах ёстой" хэмээн тэрбээр мэдэгдлээ.

Цаашид төслийн гүйцэтгэлийг шахаж, санхүүжилтийг үе шаттай олгосноор 2027 он гэхэд ханшийн алдагдал хүлээхгүйгээр томоохон төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.