Австралийн Нью Саут Уэлс мужийн цагдаагийн газар ажиллаж буй Б.Шатарбал “2025 оны Ротаригийн шилдэг цагдаагийн албан хаагч” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Тэрээр тус улсын цагдаагийн албанд хүчин зүтгэж буй цорын ганц монгол хүн бөгөөд энэ шагнал нь түүний мэргэжлийн ур чадвар, үнэнч шударга байдал, олон нийтийн төлөөх сэтгэл зүтгэлийг үнэлсэн томоохон амжилт юм.
Шагналыг олон улсын нэр хүндтэй байгууллага болох Rotary International-аас жил бүр олгодог бөгөөд тухайн жилийн туршид хамгийн үлгэр дуурайлал болсон, хамт олон, олон нийтэд эерэг нөлөө үзүүлсэн цагдааг онцлон тодруулдаг билээ.
Шагналын эзэн болсон Монгол залуу нь Австралид хууль сахиулах албанд ажиллахын зэрэгцээ олон улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон соёлт хамт олны дунд эв нэгдлийг хангах, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг гэдгээрээ онцлогтой.
Түүний тухай Нью Саут Уэлсийн Цагдаагийн Газрын удирдлагууд:
“Тэр бол манай хамт олны бахархал. Цөөнх үндэстний төлөөлөл боловч хэн бүхэнд тэгш ханддаг, хүнд хэцүү нөхцөлд ч хариуцлагатай байж чаддаг нэгэн” хэмээн онцолсон байна.
Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө амжилтад хүрч буй олон түүхийн нэгэн тод жишээ энэ юм. Тэрээр энэхүү амжилтаараа зөвхөн Монголчуудын бахархал болж зогсохгүй, Австрали дахь олон улсын хамт олонд ч итгэл найдвар, урам зориг өгч байна.