• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Увс аймагт цасан шуурганд төөрөөд байсан малчин болон 3 иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

Увс аймагт цасан шуурганд төөрөөд байсан малчин болон 3 иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

Увс аймгийн Тариалан суманд энэ сарын 19-ний өдөр цас үргэлжлэн орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас иргэд, малчид эрсдэлд орсон дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан Тамгын газрын 4 албан хаагч, 2 иргэн, уналга хэрэгсэлтэйгээр шуурхай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Аврагчид тухайн өдрийн 21:00 цагт эрэн хайх ажлыг эхлүүлж, шөнийн 01:00 цагийн орчимд малтайгаа уруудаж, шуурганд туугдсан малчныг эсэн мэнд олсон байна.

Шөнө дунд үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдсан тул аврах багийнхан малчны хамт автомашиндаа хоногложээ. Ингээд маргааш өглөөний нь 07:30 цагаас хөдөлгөөнөө үргэлжлүүлж, оройн 18:00 цагт малчныг гэрт нь аюулгүй хүргэж өгсөн байна.

Мөн аврах багийнхан тус аймгийн Өлгий суманд төөрсөн 3 иргэнийг эсэн мэнд олж, гэрт нь хүргэсэн бөгөөд цасанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.