• Нүүр
  • Мэдээний өрөө
  • З.Батбаяр: Туул голын голдирол дундуур тавих 7.2 км замын зураг төсөл ирээгүй, дүгнэлт гараагүй байна

З.Батбаяр: Туул голын голдирол дундуур тавих 7.2 км замын зураг төсөл ирээгүй, дүгнэлт гараагүй байна

Сүүлийн 40 хоногийн турш олны анхаарлын төвд буй Туул голын хурдны замын төсөл болон усны нөөцийн асуудлаар Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрээр төслийн байгаль орчны дүгнэлтийн талаарх маргаан болон Туул голын өнөөгийн нөхцөл байдлын талаар дараах тодруулгыг хийсэн юм.

"Зөвшөөрөл биш, дүгнэлтийн системээр ажилладаг"

Усны газрын дарга З.Батбаяр аливаа төсөл эхлэхэд Усны газраас заавал авах ёстой таван төрлийн дүгнэлт байдгийг онцлов. Үүнд ус ашиглах нөөц, ашиглалт, хаягдал ус, барилга байгууламжийн зураг төсөл болон усан сан бүхий газрын ашиглалтын дүгнэлтүүд багтдаг байна.

Тэрээр хэлэхдээ, "Туулын хурдны замтай холбоотойгоор зөвхөн кэмп байгуулах асуудлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхэд зориулж нэг дүгнэлт 12-р сард гарсан. Харин төслийн хамгийн чухал хэсэг болох Туул голын голдирол дундуур орох 7.2 км гүүрэн байгууламжийн нарийн зураг төсөл одоо хүртэл манайд ирээгүй байна. 3-р сарын 31-нд ирүүлсэн 16 хавтас материал дотор уг хэсгийн зураг байгаагүй тул дүгнэлт гаргах боломжгүй байгаа" гэлээ.

Туул голын нөхцөл байдал аюулын ирмэгт байна

Усны газраас баримталж буй гол байр суурь нь төсөл эхлэхээс өмнө бүх зураг төслийг бэлэн болгож, голын урсгал, үерийн аюул болон гүний усанд хэрхэн нөлөөлөхийг загварчлалын аргаар тооцуулах явдал юм.

З.Батбаяр дарга Туул голын өнөөгийн байдалд маш их санаа зовниж буйгаа илэрхийлэв. "Миний хүүхэд байхад морьтой хүн гаталж чаддаггүй байсан Туул гол өнөөдөр хоёр ч газарт тасарч, өвдөг хүрэхгүй усаар гаталдаг болсон байна. Саяхан орсон хур тунадас бага зэрэг сэргээсэн ч уур амьсгалын өөрчлөлт, бохирдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр голын ирээдүй маш аюултай нөхцөлд байна" хэмээн сануулав.

Засгийн газраас Туулын хурдны замын төслийг зогсоосон ч Усны газар зураг төслийг шаардсаар байх болно гэдгийг тэрээр мэдэгдлээ. "Бидний ажил нэг төслөөр хязгаарлагдахгүй. Маршрут өөрчлөгдсөн ч, төсөл зогссон ч Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх нь бидний мөнхийн үүрэг" гэдгийг онцлон тэмдэглэв.