НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь "Давхар дээлтэй"

Улаанбаатар хот утаа, түгжрэл, төлөвлөлтгүй барилгажилт дундаа живж, иргэд нь тав тухтай амьдрах наад захын эрхээ хасуулаад удаж байна. Гэвч энэхүү мухардлаас гаргах ёстой хотын удирдлагууд, шийдвэр гаргах түвшний дарга нар юу хийж сууна вэ? Тэд нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээс илүүтэй албан тушаал, ТУЗ-ийн (Төлөөлөн удирдах зөвлөл) суудлын төлөө уралдаж, тэрхүү эрх мэдлийн хөнжилдөө хөлөө жийлцэн суугааг дараах баримтууд бэлхнээ гэрчилнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) тогтолцоо бүхэлдээ ашиг сонирхлын зөрчлийн үүр уурхай болсон нь харагдаж байна.

  • Суудлын төвлөрөл: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Иргэдийн дуу хоолой болж, хотын өмчийг хянах ёстой хүмүүс нь өөрсдөө тэрхүү өмчийг удирдах ТУЗ-д шурган оржээ.

  • Эрх мэдлийн монополь: Нийт суудлын 65 буюу 62.5 хувь нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн байна. Г.Батзориг, Т.Даваадалай нар гэхэд тус бүр 5 байгууллагын ТУЗ-д сууж, Д.Ихбаяр, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан нарын 13 төлөөлөгч тус бүр 3 ТУЗ-ийн гишүүнээр "туйлж" явна.

  • Хяналтын тогтолцоо алдагдсан нь: Үүнээс гадна 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байна. Тэдний дунд Ч.Мэндбаяр (ОСНААУГ-ын дарга), Б.Мягмар (Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн захирал) зэрэг дарга нар багтжээ.

Гүйцэтгэх удирдлага нь өөрөө ТУЗ-өө хянаж, ТУЗ нь өөрөө өөртөө үүрэг өгдөг ийм хачин гажуудсан тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй. Ийм нөхцөлд хотын өмчит компаниуд ашигтай ажиллаж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлнэ гэдэг үлгэр юм. 

Цаасан дээрх Мега төслүүд: 6.4 их наядын төсвөөс ердөө 0.8%-ийг зарцуулсан эмгэнэл

Хотын дарга нар ТУЗ-ийн суудлаа булаацалдаж суух зуур, Улаанбаатар хотын амин чухал мега төслүүд хэрхэн "цаасан дээр" гацаж, үхэж байгааг зураг дээрх санхүүгийн шинжилгээ бэлхнээ харууллаа.

No description available.

  • Төлөвлөлт ба бодит байдлын зөрүү: 2026 онд 16 төслийн төсөвт өртгийг 22.3% буюу 6.4 их наяд төгрөгөөр зарцуулахаар төлөвлөсөн боловч одоогоор ердөө 0.8%-ийг нь л зарцуулсан байна. 

  • Судалгаагүй, хөөсөрсөн тооцоолол: Санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бүрэн гүйцэд шийдвэрлээгүйгээс төслүүд хугацаа хойшлох, өртөг хэтрэх, гадаад зээлийн ашиглалт муудаж, зээл төлөхөд бэрхшээл үүсэх сөрөг нөлөөг дагуулж байна. Хамгийн ноцтой нь, Метро, LRT, BRT, дүүжин тээвэр, хурдны зам зэрэг ижил чиглэлийн төслүүдийн нийлмэл нөлөөлөл, эдийн засгийн бодит өгөөжийг ТЭЗҮ-д дурдсан шиг байж чадах эсэхийг харгалзаж үзээгүй байна.

  • Эдийн засгийн хийрхэл: Эдийн засгийн шинжилгээнд байгаль орчны сөрөг нөлөөллийг зардал болгон тооцоогүй тул "Туул хурдны зам" зэрэг төслүүдийн өгөөжийн тооцоо хэт өөдрөг (хиймэл) гарсан байх магадлалтай гэж дүгнэжээ.

Мега төслүүдийн дүр төрхийг харвал (Тэрбум ₮):

  • Метро төсөл: Өртөг 8,543.5 | ТЭЗҮ/Бонд: Хийгдсэн | Өгөөж: 16.5% (EIRR)

  • Сэлбэ хот төсөл: Өртөг 2,190.1 | ТЭЗҮ/Бонд: Байхгүй | Өгөөж: Тооцоолоогүй

  • Туулын хурдны зам: Өртөг 2,384.0 | ТЭЗҮ/Бонд: Зөрчилтэй | Өгөөж: 16.9% (EIRR)

ТЭЗҮ нь байхгүй, тооцоолол нь хийгдээгүй, эсвэл зөрчилтэй мөртлөө хэдэн их наядаар хэмжигдэх төслүүдийг батлаад, "мега төсөл хэрэгжүүлж байна" хэмээн шоудаж буй хотын удирдлагуудыг юу гэж ойлгох вэ?

Улаанбаатар хот урагшлахгүй байгаагийн шалтгаан нь мөнгөгүйдээ биш, харин тогтолцооны гажуудалд байна. НИТХ-ын төлөөлөгчид нь хотынхоо хөгжлийг биш, өөрсдийн ТУЗ-ийн суудлыг усалгаа хийж, халаасаа зузаатгахыг урьтал болгож байна. Нөгөө талд нь олон их наядын "цаасан" төслүүдээр иргэдийн тархийг угааж, бодит байдал дээр ажлын гүйцэтгэл нь 1% ч хүрэхгүй гацаж байна.

Энэхүү ТУЗ-ийн мафижсан давхар дээлийг тайлж, төслүүдийн санхүүжилт, ТЭЗҮ-ийг шинжлэх ухаанч, бодитой болгохгүйгээр Улаанбаатар хот хэзээ ч хөгжихгүй, иргэд нь хэзээ ч тухтай амьдрахгүй. Дарга нарын ашиг сонирхлыг биш, хотын иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих цаг хэдийнэ болжээ.

No description available.