Хоёр зууныг дамнан хадгалагдсан нэгэн жорын түүх
Зарим хотыг газрын зураг дээрээс олж мэддэг бол заримыг нь очиж үзээд л жинхэнэ утгаар нь ойлгодог юм байна. Хүүхэд байхаасаа л мөрөөдөж байсан Европыг тойрох аялал маань энэ удаад амралтыг илүүтэй чухалсан учраас рашаан сувилалаараа алдартай Чех улсын баруун хэсэгт орших Карловы Вары хот байлаа. Орос хэлтэй надад энэ хотоор аялах нь дотно мэдрэмжийг төрүүлэв. Өмнө нь зурагтаар л харж зургуудаас төсөөлж байсан ч хотоо бодитоор харан халуун рашааны уур манан савсан баганат барилгууд бүхий XIX зууны уран барилгын өнгө төрхөө өнөөг хүртэл хадгалсан гудамжаар алхан аядуухан урсах Тепла голын эргээр алхахад яг л хүүхэд насандаа уншиж байсан үлгэрийн орон мэт нүд баясган сэтгэл догдлуулна.
Чех улсын баруун хэсэгт орших Карловы Вары хотод очихоосоо өмнө би энэ газрыг ердөө л Европын алдарт рашаан сувиллын нэг гэж төсөөлж байлаа. Хотын чулуун гудамжаар алхаж, хуучны загваруудаа хадгалсан уран барилгуудыг бахдан Карловы Вары зөвхөн рашаанаараа бус, үе дамжсан соёл, түүхээ өнөө хүртэл амьд хадгалж ирсэн хот болохыг мэдэрсэн юм.
Эндхийн хүмүүс Карловы Варыг 12 алдартай рашаанаараа бахархдаг. Харин нэгэн орой хотын хуучны ресторанд сууж байхдаа цэсний хажууд тавьсан танилцуулгаас би огт өөр зүйл олж уншсан юм. Тэнд "Карловы Варыгийн 13 дахь рашаан" хэмээн нэрлэсэн нэгэн ногоон лонхтой ундааны тухай өгүүлжээ.

Яагаад нэгэн ундааг рашаан гэж нэрлэх болов гэсэн сониуч зан маань өөрийн эрхгүй түүний үүх түүхийг сонирхоход хүргэсэн юм.
Рашаан хотоос эхэлсэн урт аялал
Карловы Вары XVIII–XIX зууны Европын хамгийн нэр хүндтэй рашаан сувиллын хотуудын нэг байжээ. Энд эртний хаад ноёд, язгууртнууд, уран бүтээлчид, эрдэмтэд ирж эрүүл мэндээ сэргээхийн зэрэгцээ Европын соёлын амьдралын нэгэн төвийг бүрдүүлдэг байсан гэдэг.
Тэр цаг үед колонийн бараа, халуун ногоо худалдаалдаг Йозеф Бехер Английн эмч доктор Кристиан Фробригтай танилцсан нь хожмын алдарт жорын эхлэл болсон тухай нутгийн музейн тайлбарт дурдсан байв.
Анх хоол боловсруулалтыг дэмжих зорилготой ургамлын ханд байдлаар бүтээгдсэн энэхүү ундаа удалгүй "Karlsbader English Bitter" нэрээр танигдаж, Ян Бехерийн үед Европ даяар түгэн алдаршжээ.
Заримдаа дэлхийд алдартай брэндүүд аварга үйлдвэрээс бус, жижигхэн хотын эгэл хүмүүсийн дэврүүн санаанаас төрдөг гэдгийг энэ түүх сануулна.
Надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь хавтгай ногоон шилэн лонх байлаа.
Эхэндээ энэ нь зүгээр л танигдах дизайн гэж бодсон ч үнэндээ ургамлын үнэр, амтыг нарны гэрлээс хамгаалах инженерийн шийдэл болохыг мэдээд гайхсан.
1866 онд бий болсон энэхүү загвар өнөөдөр хүртэл бараг өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдсан байдаг. Хоёр зууны турш өөрийн дүр төрхөө хадгалж ирсэн нь өөрөө нэгэн төрлийн соёлын өв юм.
Тиймээс ч Бехерийн гэр бүлийн сүлд тэмдэг өнөөдөр ч ногоон шилний шошгон дээрээ мөнхөрсөөр байдаг.
Соёлын нэг хэсэг болсон хэрэглээ
Европт хоолны дараа жижигхэн хундагатай ликёр амтлах нь согтохын төлөө бус, тухайн өдрийн яриаг тайван өндөрлүүлэх нэгэн соёл болохыг энд ирээд ойлгосон.
Жижиг хундага, тохирсон температур, удаан үргэлжлэх яриа, хамтдаа өнгөрүүлсэн мөч... Энэ бүхэн ундаанаас илүүтэй дурсамжийг бүтээнэ.
Соёлтой хэрэглээ гэдэг нь ихийг хэрэглэхийг бус, үнэ цэнийг нь ойлгохыг хэлдэг гэсэн тайлбар ч энэ хотын уур амьсгалтай тун зохицож байлаа.

Цаг хугацаа өөрчилж чадаагүй нэр
Карловы Варыгаас буцах замдаа би нэг зүйлийг бодсон.
Зарим брэндүүд зах зээлд амжилт олдог. Харин цөөн хэд нь тухайн үндэстнийхээ соёлын нэг хэсэг болж чаддаг.
Becherovka бол миний хувьд ийм түүхтэй танилцуулсан нэр байлаа.
Энэ нь зөвхөн нэгэн ликёрын тухай өгүүлэмж биш, харин Чех хүмүүс өв уламжлал, гар урлал, түүхээ хэрхэн үеэс үед хамгаалан авч явдгийн илэрхийлэл юм.
Магадгүй нутгийнхан түүнийг "Карловы Варыгийн 13 дахь рашаан" хэмээн нэрлэдэг нь амтыг нь бус, хоёр зууны турш хадгалж ирсэн соёлын үнэ цэнийг илэрхийлсэн хэрэг биз.
Эцэст нь аялал надад нэг зүйлийг ойлгуулсан. Хот бүр өөрийн гэсэн дурсамжтай байдаг. Карловы Варыгийн хувьд тэр дурсамж нь халуун рашааны уур манан, чулуун гудамж, түүхэн барилгуудын дунд нуугдсан нэгэн ногоон шилтэй домог байлаа.
Учир нь сайн ундааны тухай хамгийн урт удаан хадгалагддаг зүйл нь амт биш, харин түүнийг тойрсон түүх, соёл, хүний дурсамж байдаг юм.
Хамгийн үнэтэй орц нь итгэл
Нутгийн хөтөчийн ярьсан хамгийн сонирхолтой зүйл нь энэ ликёрын жор байлаа.
Дэлхий дээр олон бүтээгдэхүүн "нууц жортой" гэж ярьдаг ч энэ жорыг өнөөдөр ч ердөө хоёрхон хүн бүрэн эхээр нь мэддэг гэх домог мэт үнэн энд одоо ч амьдарсаар байдаг аж.
Хоёр зуу гаруй жилийн турш үндсэн жороо өөрчлөөгүй хадгалж ирсэн нь зөвхөн амтыг бус, үе үеийн хүмүүсийн итгэл, хариуцлагыг хамт өвлүүлж ирсний илэрхийлэл болов уу.
Энд хүмүүс жорыг бус уламжлалыг хамгаалж иржээ.
Дарс ба ликёр: Байгалийн шүлэг, ургамлын симфони
Тэр орой рестораныхан дарс, ликёр хоёрын ялгааг тун энгийнээр тайлбарласан нь санаанд үлдсэн.
Дарс бол байгалийн бичсэн шүлэг. Усан үзмийн сорт, хөрс, уур амьсгал, ургацын жил бүр өөр өөр түүх өгүүлдэг.
Харин ликёр бол ургамал, халуун ногоо, жимс, үндэс, хүний ур чадварын хамтын бүтээл юм. Байгалиас эхэлсэн амтыг үйлдвэрлэгчийн мэдлэг эцэслэн бүтээдэг учраас олон хүн түүнийг "ургамлын үнэрээр бичсэн урлаг" гэж нэрлэдэг аж.
Тэр үгийг сонсох мөчид өмнө минь тавьсан хавтгай ногоон шилэн лонхыг би өөр нүдээр харж эхэлсэн.
Рашаанаар тэтгэгдсэн ургамлын симфони
Карловы Варыгийн рашаан ус, уулсын цэвэр агаар, байгалийн ургамлууд энэ хотын үнэр мэт санагдсан.
Ликёрын тухай танилцуулгад ойролцоогоор 21 төрлийн ургамал, байгалийн гаралтай орц ашигладаг гэж бичжээ. Харин яг ямар ургамал ямар хэмжээгээр ордгийг өнөөдөр ч нууц хэвээр хадгалдаг байна.
Харин амтлахад аманд шанцайн час хийсэн амт, хадаасан цэцгийн анхилуун үнэр, жүржийн хальсны исгэлэн шинэхэн мэдрэмж, төрөл бүрийн ургамлын гүн амт нэг нэгнээ дарахгүйгээр эв найртай хоршин оршдог нь яг л олон хөгжмийн зэмсэг нэгэн бүтээл тоглож буй мэт.
Мөн үйлдвэрлэлийн философийн нэгэн чухал зарчим нь байгалийн цэвэр орцыг эрхэмлэх явдал аж. Иймээс хиймэл будагч бодис, консервант, эмульгатор, хиймэл амт оруулагч ашигладаггүй талаар үйлдвэрийн танилцуулгад онцолсон байв.





