Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй 2027 оны Улсын төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 41 их наяд 280 тэрбум төгрөг, хэрэглэх зарлагыг 43 их наяд 586 тэрбум төгрөг байхаар тусгасан нь олон нийт болон парламентчдын шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир Засгийн газраас өргөн барьсан энэхүү төсвийн төсөлд шүүмжлэлтэй хандаж, хэмнэлтийн горимоор бус, сонгууль угтсан үрэлгэн бодлого барьж байгааг онцоллоо.
Тэрээр 12 жилийн өмнөх төсвийн үзүүлэлтийг одоогийн төсөлтэй харьцуулан дараах позицийг илэрхийлж байна.
-
10 дахин данхайсан төсөв: 2015 оны улсын төсвийг тухайн үеийн Засгийн газраас өргөн барихдаа тэнцвэржүүлсэн орлогыг 4 их наяд 29 тэрбум, зарлагыг 5 их наяд 218 тэрбум төгрөгөөр тооцож байв. Гэтэл өнөөдөр төсвийн орлого, зарлага 10 дахин тэлж, асар том дүнтэй болсон ч иргэдийн бодит амьдралд наалдаж байгаа үр дүн чамлалттай байна.
-
Иргэдийн худалдан авах чадвар: Төсөв 10 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанар, худалдан авах чадвар, гар дээр ирэх цалин болон тэтгэврийн орлого 10 дахин нэмэгдэж чадаагүй. Монголчуудын ахуй амьдрал төсвийн дагах хэмжээгээр дээшлээгүйг бодит байдал харуулж байна.
-
Биелдэггүй инфляцын төсөөлөл: Засгийн газар хэрэглээний үнийн өсөлтийг (инфляц) 2027 онд 8%, 2028 онд 7%, 2029 онд 6% болж буурна гэж төлөвлөжээ. Жил бүрийн төсвийн цаасан дээр инфляцыг буурна гэж бичдэг ч бодит амьдрал дээр үнэ тасралтгүй өсөж, хийсэн тооцоо, бодит байдал хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй явж ирснийг тэрээр санууллаа.





