• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ОНӨААТҮГ-ын захирал асан өөртөө 8 саяын тусламж, ажиллаагүй жолоочид 21 сая төгрөгийн цалин олгосон хэрэг шүүхэд шилжлээ

ОНӨААТҮГ-ын захирал асан өөртөө 8 саяын тусламж, ажиллаагүй жолоочид 21 сая төгрөгийн цалин олгосон хэрэг шүүхэд шилжлээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон дараах хэргүүд шүүхэд шилжлээ.

Төрийн сангийн төлөөлөгч хахууль өгсөн хэрэг: Иргэн Х.Д нь аймгийн төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа худалдан авах ажиллагааны сургалтад суугаагүй ч тэнцсэн мэтээр хуурамч гэрчилгээ авчээ. Улмаар үнэлгээний хорооны гишүүн болж, өөртөө давуу байдал үүсгэхийн тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэнд хахууль өгсөн байна. (Эрүүгийн хуулийн 22.5-2 буюу Хахууль өгөх)

ОНӨААТҮГ-ын захирал өөртөө тусламж олгож, ажиллаагүй хүнд цалин өгсөн хэрэг: Дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын захирал асан Д.Ө нь журмаа зөрчин, зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр өөртөө 8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ. Мөн Г.Ш гэгчийг жолоочоор томилсон нэр зүүж, 2025 оны 5-12 дугаар сар хүртэл огт ажиллаагүй байхад нь 21 сая төгрөгийн цалин олгож, давуу байдал үүсгэсэн байна. (Эрүүгийн хуулийн 22.1-1 буюу Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах)

Амаржих газрын дарга хууль бус төлбөр хураасан хэрэг: Амаржих газрын дарга асан А.Ж нь "байгууллагын 60 жилийн ойд зарцуулна" гэх нэрээр харьяаллын бус төрөх эхчүүдээс тус бүр 150,000 төгрөг хураах үүргийг ажилчдадаа өгчээ. Ингэж 2018-2021 оны хооронд нийт 65 сая төгрөгийг бэлнээр төвлөрүүлж, өөртөө давуу байдал бий болгосон байна. (Эрүүгийн хуулийн 22.1-1 буюу Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах)