Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтох нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шийдвэрлэжээ. Шүүхээс шүүгдэгч Б.Насантогтохыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хахууль авсан гэм буруутайд тооцон 5 жилийн хорих ял шийтгэсэн байна.
Нэгжлэгээр их хэмжээний валют, шатахууны ваучер илэрчээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Насантогтохын орон байрнаас 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3,440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг олджээ. Мөн түүний хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалж байсан 70,000 ам.долларыг хураан авсан бөгөөд нийт 337,444,746 төгрөгөөр хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон байна.
Б.Насантогтох нь албан тушаалаа ашиглан нийт 3,069,670,494 төгрөгийн хөрөнгө олгосон эх үүсвэрээ хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй байна. Тэрээр хууль бусаар олсон орлогоо нуун далдлах, "мөнгө угаах" зорилгоор дараах хэлбэрүүдээр бусдын нэр дээр хөрөнгө бүртгүүлж, гэрээ байгуулж байжээ. Үүнд:
-
Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа Г.Б-ын нэрээр 438.7 сая төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авсан, мөн хадам дүүгээрээ дамжуулан 592.3 сая төгрөгийн валют арилжаалсан.
-
908.8 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан ба хахуулийн 102.8 сая төгрөгөөр төрсөн хүүгийнхээ нэр дээр авто зогсоол худалдан авсан.
-
Төрсөн хүүгийнхээ өмчлөлд 535.5 сая төгрөгийн орон сууц, 183.6 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл захиалж мөнгийг шилжүүлсэн. Мөн 251.7 сая төгрөгийн үнэлгээтэй Лексус загварын автомашиныг бусдын нэр дээр бүртгүүлсэн.
Нийтдээ үндэслэлгүй хөрөнгөжих болон хахуулийн гэмт хэргийн улмаас олсон 2,835,037,848 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг далдлан мөнгө угаасан гэж шүүхээс дүгнэжээ.
Түүнчлэн Б.Насантогтох нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууц шилжүүлэн авсан, мөн бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Насантогтох нар нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасныг шүүх авч хэлэлцэн дараах ял шийтгэлийг ногдууллаа:
-
Шүүгдэгч Б.Насантогтоход:
-
нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах,
-
5 жилийн хорих ял,
-
4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсан.
-
Гэмт хэрэг үйлдэж олсон 1,933,254,850 төгрөг, Лексус загварын тээврийн хэрэгсэл (251.7 сая төгрөгийн үнэлгээтэй), нэгжлэгээр хураагдсан 337.4 сая төгрөгийг тус тус улсын орлогод хураахаар шийдвэрлэв.
-
-


