Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли болон Худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайдын яамны түр орлогч Цао Ли БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулж байгааг онцоллоо. Мөн цаашид ч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу шатахууныг тогтвортой нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн тэрээр “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан Хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан явдалд БНХАУ-ын тал гүнээ санаа зовж байгааг илэрхийлэв. Энэхүү хэрэг явдал Монголд төдийгүй Хятадад нэлээд шүүмжлэл, цуурай дагуулсныг дурдаад, Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглах болно гэдгийг мэдэгдлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Хятад иргэдийн хууль ёсны эрх, бизнес болон хөрөнгө оруулагчийн аюулгүй байдалд халдсан явдалд уучлалт хүсээд, тухайн асуудлаар хууль хяналтын байгууллагад хэдийнэ хандсан талаар мэдээлэв.
Мөн Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, геологи, хайгуулын ажлыг идэвхжүүлэн, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэхийг хэзээд зорилгоо болгон ажиллаж ирснийг тэмдэглэв.
Салаа утгагүй, зөв мэдээлэл хүргэх үүднээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлогийг олон нийтэд зөвөөр ойлгуулах, таниулах сурталчилгааны кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улс цаашид БНХАУ-аас бүх төрлийн шатахууныг тогтмол худалдан авах сонирхолтой байгааг уламжилж, шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг БНХАУ-ын холбогдох дээд байгууллагад уламжилж өгөхийг хүссэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.





