Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулахаар ажлын албанаас багагүй хөрөнгө мөнгө зарцуулжээ. Гэвч шилэн данс, нээлттэй мэдээллийн системээс (Open Data) харахад мэргэжлийн байгууллага, судалгааны багуудад очих ёстой төсөв хөрөнгө чухам хэний халаас руу орж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Олон нийтийн ил тод мэдээллийн сангаас харахад салбарын бодит мэргэжилтнүүд гэхээсээ илүүтэй төрөөс төрсөн дарга нар, тэдний хамаарал бүхий ТББ болон компаниудаар дамжуулан санхүүжилт угааж байж болзошгүй ноцтой асуудлууд ажиглагдаж байна.
Байхгүй регистртэй компанид "Судалгааны төлбөр" олгожээ
Гүйлгээний жагсаалтын 47-д зааснаар "Мэнд товчоо" гэх байгууллагад судалгааны төлбөр нэрээр 18,000,000.00 ₮ шилжүүлсэн байна. Гэвч уг байгууллагын заасан 5643493 гэх регистрийн дугаараар нээлттэй дата (Open Data)-наас шүүж үзэхэд тийм регистртэй компани, байгууллага байхгүй, огт бүртгэгдээгүй байна.
Бодит байдал дээр оршин тогтнодоггүй эсвэл бүртгэлгүй субъект руу төсвийн мөнгийг "судалгаа" нэрээр шилжүүлсэн нь санхүүгийн ноцтой зөрчил гэж хардахаас өөр аргагүй юм.

Жагсаалтад орсон бусад ТББ болон аж ахуйн нэгжүүдийг харвал ихэнх нь судалгааны чиглэлийн гэхээсээ илүүтэй медиа, мэдээллийн сайтууд байна:
-
Томэкс брос (Регистр: 7000985) – 15,000,000.00 ₮ (судалгааны төлбөр)
-
Тусч мэдээ медиа (Регистр: 7089849) – 16,000,000.00 ₮ (судалгааны төлбөр)
-
Шинэ үеийн мэдээлэл (Регистр: 8298041) – 18,000,000.00 ₮ (судалгааны төлбөр)
-
Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл (Регистр: 8259232) – 18,000,000.00 ₮ (судалгааны төлбөр)
-
Сэцэн монгол мэдээ (Регистр: 8298106) – 18,000,000.00 ₮ (судалгааны төлбөр)
-
Эрхэм уул (Регистр: 6286321) – 5,700,000.00 ₮ болон 13,300,000.00 ₮ буюу нийт 19,000,000 ₮ (судалгааны төлбөр)
Эдгээр байгууллагууд нь ажлын гүйцэтгэлээ "мэдээ сэлт бэлтгэж нийтэлсэн" гэж тайлагнадаг ч уг мэдээ, контент нь яг хаана, ямар сувгаар олон нийтэд хүрсэн нь тодорхойгүй, эх сурвалж болон холбоос нь ил тод бус байна.
Цөлжилттэй тэмцэх асуудал бол шинжлэх ухааны үндэслэлтэй академик судалгаа, бодит хөрсөн дээрх ажлыг шаарддаг. Гэтэл хэвлэл мэдээллийн нэртэй байгууллагуудад сая саяар нь "судалгааны төлбөр" нэрээр гүйлгээ хийж байгаа нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, халхавч хийн угааж байгаа хэлбэр...
Салбарын эрдэмтэд, судлаачдад очих ёстой төсвийг эргэлзээтэй бүртгэлтэй, тайлангүй ТББ болон медиа компаниудаар урсгаж байгаа энэ мэт санхүүгийн бүрэн бус мэдээллийг холбогдох хяналтын байгууллагууд шалгаж, олон нийтэд ил тод тайлагнах шаардлагатай байна.





