Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын дэвшүүлж буй мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, Төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангахад чиглэсэн цогц шинэчлэлийн саналуудыг Монгол Улсын Засгийн газар бүрэн дэмжиж, бодит ажил хэрэг болгохоор боллоо.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхэлж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал уг төсөлтэй танилцаж, Монголбанкны удирдлагуудтай санал солилцсон юм. Энэ үеэр Төв банкны санхүүгийн чадавхыг сэргээх, бүтцийн гажуудлыг засах томоохон шийдлүүдийг хэлэлцсэн байна.
Төв банкны 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэнэ
Монголбанк 2012–2025 оны хугацаанд нийт 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал хүлээж, өөрийн хөрөнгийн дутагдал нь 4.8 их наяд төгрөгт хүрээд байгаа билээ. Үүнд өнгөрсөн хугацаанд Төв банкаар дамжуулан хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд голлон нөлөөлсөн бөгөөд 2012 оноос хойш энэ төрлийн 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгогджээ.
Энэхүү бүтцийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Монголбанкнаас Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргаж, Төв банканд эзэмшүүлэх саналыг дэвшүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал дэмжжээ.
Тодруулбал:
-
Үнэт цаасны хэмжээ: Жил бүр 1.5 их наяд төгрөгийн, 25 жилийн хугацаатай тусгай үнэт цаас гаргах.
-
Төсвийн ачаалал: Эхний таван жилд үндсэн болон хүүгийн төлбөр хийхгүй байхаар тооцсон.
-
Үр дүн: 2027–2031 онд улсын төсвөөс шууд зардал гаргахгүйгээр Төв банкны санхүүгийн чадавхыг сэргээх боломж бүрдэнэ.
Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуулиар баталгаажуулна
Мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулж ирсэн бүтцийн хүчин зүйлсийг таслан зогсоохын тулд Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй хөтөлбөр санхүүжүүлдэг байдлыг хуулиар хориглох шаардлагатай гэж үзэж байна.
Ерөнхий сайд уг саналыг дэ дэмжиж, холбогдох хуулийн төслийг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулах үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн Засгийн газар цаашид төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх хатуу дүрэм баримталж ажиллахаа илэрхийллээ.
Инфляцыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаална
Эдийн засаг 2026 оны эхний арван сарын байдлаар 7.6 хувиар өссөн хэдий ч жилийн инфляц 13.4 хувьд хүрч, өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд бодитоор хүргэхэд үнийн тогтвортой байдал нэн чухал болохыг харуулж буй юм.
Монголбанкны 2027 оны үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлах, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглалыг сайжруулах цогц арга хэмжээг тусгажээ. Үүний зэрэгцээ Монголбанк валютын зах зээл дэх шууд оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үндсэн үүргээ бэхжүүлэх бодлогыг Засгийн газар дэмжив.
Энэхүү бодлогын хамтын ажиллагаа нь Төв банкны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад түүхэн чухал алхам болох юм.


