“Оюу Толгой” компани болон “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн албан бичгээр 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор төлөвлөж буйгаа мэдэгдэж, Засгийн газар тус компаниас 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн уг шийдвэр болон улс төрийн хүрээнд анхаарах ёстой асуудлуудын талаар байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн манай улсад сонгууль бүрийн өмнө бэлэн мөнгө тараадаг байдал тогтсоныг шүүмжлээд, энэ нь эдийн засагт хүнд тусдаг болохыг онцолсон байна. Тэрбээр өмнөх жилүүдийн жишээг дурдахдаа:
-
2020 оны сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгон нэмэгдүүлж байсан.
-
2024 оны сонгуулийн өмнө ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр 50 сая төгрөгийн зээл олгох "Шинэ хоршоо" хөтөлбөрөөр 800 тэрбум төгрөгийг зах зээлд гаргаж байв.
Эдгээр шийдвэрийн үр дүнд мөнгөний нийлүүлэлт өсч, инфляц идэвхжэн, эцэст нь үнийн хөөрөгдөл бий болж иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдгийг тэрээр тэмдэглэжээ.
Уг асуудлаар төр засгийн түвшинд популизм газар авч, улс төрчдийн хүрээлэлд үр дүн нь үлдэж буйг С.Цэнгүүн гишүүн шүүмжилсэн байна. Бэлэн мөнгө тараах бус, томоохон дэд бүтцийн төслүүд, цахилгаан станцуудыг барих санхүүгийн чадамж манай улсад дутагдаж байгааг хэлжээ.
Иймд эрх баригчид ард иргэдтэйгээ илүү нээлттэй харилцаж, бэлэн мөнгө тараах арга хэмжээнээс татгалзан, эдийн засгийн бодит үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тэрээр байр суурь илэрхийлэхдээ онцолсон байна.





