КУАЛА ЛУМПУР. — Малайзын нутаг дэвсгэрт 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэрэг болон түүний аав доктор С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Монголын тал Куала Лумпур хотноо хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын үеэр Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурийг илэрхийлж, тус улсын Засгийн газарт дөрвөн зүйл бүхий шаардлагыг уламжилж буйгаа мэдэгдэв.
Шүүхийн шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэв
Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд дөнгөж 28 настай, хоёр бяцхан хүүгийн ээж байсан Монгол Улсын иргэн хүний нутагт амь насаа алдсанаас хойш 20 жил өнгөрч, эцэг С.Шаарийбуу гуай шударга ёсны төлөө тууштай тэмцэж ирснийг онцлов.
Хэдийгээр уг хэрэгт холбогдсон хоёр этгээдэд оноосон эрүүгийн ял шийтгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа ч иргэний хэргийн шүүхийн явц анхаарал татаж байна. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Шах Аламын Дээд шүүхээс талийгаачийн ар гэрт таван сая малайз ринггитийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан ч 2026 оны нэгдүгээр сарын 20-нд Давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлсөн нь талийгаачийн ар гэр төдийгүй Монголын ард түмэнд гүн шаналал учруулсныг Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
Монголын талын дөрвөн хүсэлт
-
Шүүх ажиллагааг хараат бус явуулах: Доктор С.Шаарийбуугаас Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдол болон холбогдох нэхэмжлэлүүдийг улс төрийн болон хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид, зөвхөн бодит баримтад тулгуурлан шударга, ил тод хянан шийдвэрлэх;
-
Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах, мэдүүлэг авах: Одоогоор Австрали улсад байгаа ялтан Сирул Азхар Умараас иргэний хэргийн шүүх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг авах хууль ёсны арга замыг тодорхойлох, түүнийг Малайзад шилжүүлэн авч оноосон ялыг биечлэн эдлүүлэх талаар Австралийн талтай хийх хэлэлцээг идэвхжүүлэх;
-
Шинэ нотлох баримтыг шалгах: Шинээр илэрсэн болон өмнө нь шалгагдаагүй аливаа нотлох баримтыг эрх бүхий байгууллагаар цаг алдалгүй шалгуулж, үр дүнг ар гэрийнхэнд нь өмгөөлөгчөөр нь дамжуулан мэдэгдэх;
-
Албан ёсны мэдээлэл ирүүлэх: Шүүх ажиллагааны өнөөдрийн явц болон дээр дурдсан асуудал тус бүрээр Монгол Улсад албан ёсны бичгээр мэдээлэл ирүүлэх.
Мэдэгдлийн төгсгөлд Монгол Улс хэн нэгнийг цаазаар авахуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах аливаа зохицуулалтад цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх хууль ёсны баталгааг хангасан байх ёстойг дурдлаа.
Мөн Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй гэдгээ тодотгоод, гадаадад буй иргэнийхээ эрх ашгийг хамгаалах нь Венийн конвенцоор хүлээсэн дипломат харилцааны чиг үүрэг болохыг сануулав. Найрсаг харилцаатай хоёр орны цаашдын итгэлцэл, хамтын ажиллагаанд энэхүү хэргийг шударгаар эцэслэн шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцоллоо.





