Их Тэнгэрийн "нууц" хуралдаан ба МАН-ын шийдвэр: Засгийн газар унахгүй

Өчигдөр Их Тэнгэр цогцолборт МАН-ын УИХ дахь бүлэг яаралтай хурал зарлан хуралдлаа. Анхаарлын төвд төсвийн тодотголын асуудал байсан хэдий ч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын цаашдын тогтвортой байдлыг ч мөн хөндөн ярилцсан байна.

Уулзалтын үеэр засаглалын тогтвортой байдлыг хангах, төсвийн тодотголыг дэмжин батлах шаардлагатай гэх байр суурин дээр гишүүд нэгдмэл саналд хүрэв. Үүнээс үзэхэд Н.Учралын Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд шинээр оруулж ирж буй сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн төсвийн тохируулга ч дэмжлэг авахаар байна.

Дэлхий нийтийг хамраад буй эдийн засгийн хүндрэлтэй цаг үед одоогийн Засгийн газар богино хугацаанд шуурхай, оновчтой зохицуулалтуудыг хийж байгаа хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үнэлэв. Улмаар бүлгийн 68 гишүүн одоогийн Ерөнхий сайдын гүйцэтгэлийг хангалттай гэж үзэн, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах бичигт гарын үсэг зурцгаажээ. Түүнчлэн энэхүү үйл явцын зохион байгуулалт, зохицуулалтыг Д.Амарбаясгалан хариуцахаар болсон байна.

Эдгээр үйл явдлаас дүгнэхэд, МАН-ын дотоод дахь талцал хэрээс хэтрэлгүй, намын нэгдмэл байдлыг хадгалахаар санал нэгдсэн нь харагдаж байна. Энэ нь сөрөг хүчний зүгээс гаргаж буй Засгийн газрыг огцруулах улс төрийн нүүдэл барианд орох боломжгүй болсныг илтгэнэ.