Философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл түүний өмгөөлөгчдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг шүүх хүлээн авч, өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 14:00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
Шүүх хурлаар өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих уу, эсхүл суллаж өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг эцэслэн шийдвэрлэх юм.
Философич, доктор С.Молор-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлд заасан "Үндэсний эв нэгдлийг бусниулах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хуулийн дагуу уг зүйл ангиар яллагдвал 5-аас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах:
-
19.9.1: Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан эсхүл давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-
19.9.2: Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.





