Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн (АҮЭБ) сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, шатахууны нийлүүлэлт болон түгээлтийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдээллийг өгч, үүрэг чиглэлүүдийг даалгалаа.
Шатахуун болон түлшний импортын байдал
-
8-р сарын импорт: Монгол Улс нийт 500 вагон АИ-92 шатахуун, 1,314 вагон дизель түлш, 17 вагон онгоцны түлш хүлээн аваад байна.
-
Тээвэрлэлт ба буулгалт: ОХУ-аас ирж буй 74 вагон АИ-92 шатахуунаас 39 вагон нь өртөөдөд хүрэлцэн ирж, буулгах ажил үргэлжилж байна. Мөн БНХАУ-аас 80 вагон АИ-92 шатахуун замаар ирж байна.
-
Гаалийн бүрдүүлэлт: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гаалийн байгууллага 12,920 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлжээ.
Шөнийн хяналт шалгалт ба илэрсэн зөрчил
08-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00:00 - 04:00 цагийн хооронд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням тэргүүтэй АҮЭБЯ, АМГТГ болон Монополын эсрэг газрын улсын байцаагчид нийслэл хотын ШТС-уудад хяналт тавьж ажиллалаа.
-
Аж ахуй нэгжүүд шуурхай штабын даалгаврыг ерөнхийдөө биелүүлж байгаа ч нөөцтэй атлаа түгээлт хийхгүй байсан цөөн тооны ШТС-уудад заавар зөвлөмж өгч, шатахууныг саадгүй, хэвийн олгох үүрэг өгөв.
-
Шатахуун олголтод хойрго хандсан аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, цаашид хатуу анхааруулав.
Хариуцлага ба цаашдын арга хэмжээ
-
Хууль эрх зүйн зөвлөмж: Монополын эсрэг газраас бүх импортлогч, түгээгчдэд хуулийн сануулга хүргүүлнэ. Санаатайгаар зохиомол хомсдол үүсгэсэн тохиолдолд хатуу хуулийн хариуцлага оногдуулахыг анхаарууллаа.
-
Хяналт ба Цагдаагийн дэмжлэг: ШТС-ууд 24 цагаар хэвийн ажиллаж байгаа эсэхэд шуурхай штабаас үргэлжлүүлэн хяналт шалгалт хийх бөгөөд цагдаагийн байгууллага хамтран дэмжлэг үзүүлж ажиллана.
Шуурхай штабаас иргэдийг ШТС-уудын үүдэнд авто машинаа хонуутаар орхихгүй байхыг хүслээ. Энэ нь шөнийн цагаар шатахуун ачсан цистерн орлого буулгах, олголт эхлэх үед орц, гарцыг хааж, саад болох эрсдэлтэйг санууллаа.





