• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хүүхдийн зуслангуудыг зориулалтын бусаар ашигласан зөрчлүүдийг илрүүлж, газрын эрхийг цуцалж эхэллээ

Хүүхдийн зуслангуудыг зориулалтын бусаар ашигласан зөрчлүүдийг илрүүлж, газрын эрхийг цуцалж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын (АТГ) дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус газраас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгах, зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон хүүхдийн эрхийг хангуулах зорилготой юм.

Одоогоор ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангуудын хувьчлал, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд ноцтой зөрчлүүд илэрсээр байна.

Шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим зуслангийн үйл ажиллагаа хууль зөрчсөн, гэрээний дагуу хяналт тавиагүй, гэрээ дүгнэсэн баримт байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг дүр зураг тогтоогджээ.

Илэрсэн ноцтой зөрчлүүдээс дурдвал:

  • “Соёл” хүүхдийн зуслан (Төв аймаг, Батсүмбэр сум): Тухайн үеийн Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан байна. Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн төдийгүй өнөөдрийн байдлаар зуслангийн ямар ч байшин, барилга байхгүй болжээ. Шалгалтын явцад Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар тус зуслангийн 10 га газрын эрхийг цуцалсан бөгөөд газрыг цаашид бусдад шилжүүлэхгүй байх албан шаардлагыг сумын Засаг даргад хүргүүлээд байна.

  • “Өлзийт” зуслан (Төв аймаг, Эрдэнэ сум): Хашаа нь тоногдсон, чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай бөгөөд хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөлд байна.

  • “Хандгайт” зуслан: "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн эзэмшилд байдаг тус зуслангийн газар анх 30,6 га байсан бол өнөөдөр 19,7 га болж багассан байна. Энэхүү дутсан газраас нэр бүхий иргэдэд мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн асуудлыг АТГ нарийвчлан шалгаж эхэлжээ.

АТГ-ын ажлын хэсгээс “Соёл” болон “Өлзийт” зуслангуудын хувьчлалыг хүчингүй болгохоор холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх хоёр зуслангийн өмч хувьчлалыг цуцлах арга хэмжээг авахуулахаар ажиллаж байна.