БЗД-т баавгай айлын гэр эвдэж, нэг хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Тодруулбал, БЗД-ийн Хужирбулан орчимд баавгай айлын гэр эвдэж 40 настай эрэгтэйн аминд хүрч, эхнэрийг нь хүнд гэмтээсэн байна. Эхнэр нь одоогоор ГССҮТ-д биеийн байдал хүнд эмчлүүлж байна. Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад "БЗД-т баавгайд бариулсан иргэний биеийн байдал хүнд. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна. Тухайн иргэн толгойны том хэмжээний урагдалтай ирснийг эмнэлгийн зүгээс арга хэмжээ авсан. Эмийн эмчилгээ хийгдэж байна" гэв. Тухайн иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026 оны 10-р сарын 07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн. Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд зөвлөхөд хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна.





