НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) “Санхүүгийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Fashion4Land” форумын өндөр түвшний хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих стандарт, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хувцас, хэрэглэл бүрийн цаана байгалийн нөөц болон тэдгээрт түшиглэн амьжиргаагаа залгуулдаг олон сая хүний хөдөлмөр оршдог. Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ салбар нь 190 мянга орчим малчин өрхийн амьжиргаатай шууд холбогддог. Иймд Монголын бэлчээр нутаг, нүүдлийн өв соёл, малчдын хөдөлмөр дэлхийн загварын зах зээлтэй салшгүй уялдаатай юм.
Олон улсын санаачилга ба үндэсний хөдөлгөөн
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээрийн ба Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Энэ нь бэлчээрийн экосистемийг хамгаалах, малчдын амьжиргааг дэмжих асуудалд дэлхийн анхаарлыг хандуулах томоохон боломжийг нээж байна. Мөн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд:
-
Малын гаралтай түүхий эдийн нэмүү өртгийг өсгөх
-
Малчдын орлогыг нэмэгдүүлэх
-
Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, бэлчээрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтуудыг бодит ажил болгон хэрэгжүүлж байна.
Шинэ стандарт ба хөрөнгө оруулалтын уриалга
Загварын салбарт нэвтэрч буй байгаль орчны шинэ стандарт, зохицуулалтууд нь үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчдэд дарамт болох ёсгүй. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид болон малчдыг шаардлагатай мэдлэг, технологи, санхүүжилтээр дэмжих замаар тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэл рүү шилжих боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг сайд тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад байгальд ээлтэй үйлдвэрлэл, инновац, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриаллаа.
Тогтвортой загварын ирээдүйг зөвхөн бэлэн бүтээгдэхүүний үнэ цэнээр биш, харин түүнийг үйлдвэрлэхэд түшиглэдэг газар нутаг, байгалийн экосистем болон орон нутгийн иргэдийн амьжиргааг хэрхэн хамгаалж дэмжиж байгаагаар нь хэмжих ёстойг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолсон юм.





