"Зөвхөн Пүрэвдагвыг л барилдуулахгүй байх гэсэн ашиг сонирхол байна"

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар Улсын арслан Р.Пүрэвдагва болон Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) удирдлагууд, Цэцдийн зөвлөлийн гишүүдийн хооронд үл ойлголцол үүсэж, маргаан өрнөлөө.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийг нь барилдуулахгүй хасаж буй шийдвэрийг эсэргүүцэн, тусгайлан зассан асрын өмнө ирж МҮБХ-ны удирдлагуудад шаардлага тавьсан юм.

Тэрээр хэлсэн үгэндээ:

"Хэрэв намайг барилдуулахгүй гэж байгаа бол би шууд энд зодог тайллаа. Та нар үнэхээр муухай харагдаж байна. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй аймаар олон шалтаг гаргаж ирдэг. Миний хувьд өмнөх учир байдлаа хэлж, хамтарч ажиллахыг 100 хувь зөвшөөрсөн. Тэр Төмөрбаатар гуайд ч байцаалт өгсөн. Би ямар хэрэг хийсэн хүн байгаа биш дээ. Энэ чинь  спорт, тэмцэл шүү дээ. Би алдаагаа 100 хувь хүлээн зөвшөөрч, өөртөө хяналт тавья гэж хэлсэн. Тэгтэл та нар намайг зөөлрүүлсэн , 'ахиад хуралдана' гэсэн хэрнээ дахиад л барилдах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж ирлээ. Цаанаа нэг сонин, зөвхөн Пүрэвдагвыг л барилдуулахгүй байх гэсэн ашиг сонирхол байна" хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Мөн тэрээр МҮБХ-ны тэргүүн болон удирдлагуудад хандан, бөхчүүдээ гудамжнаас цугларсан хүмүүсээс хамгаалж, өмөөрөх ёстой байтал эсрэгээрээ шийдвэр гаргаж буйд гомдолтой байгаагаа хэлж, "Би бөхөөс өөр зүйл хийлгүй 30 жил явсан. Энэ 1024 бөхийн барилдаанд бөх бөхөөрөө таарах хэдэн тохиолдол байдаг билээ?" хэмээн асуусан юм.

МҮБХ-ны хариулт: "Ёс зүйн зөвлөл хараат бусаар ажилладаг"

Улсын арслан Р.Пүрэвдагвын гаргасан гомдлын хариуд МҮБХ-ны удирдлагын зүгээс:

"Ёс зүйн зөвлөл бол хараат бус зөвлөл. Үүн дээр зохион байгуулах хорооны хурал болно. Тэнд зэрэгцээ хурал болж байна. Олонхын саналаар асуудлыг шийддэг журамтай" гэсэн тайлбарыг өглөө.

Одоогоор Улсын арслан Р.Пүрэвдагвыг баяр наадмын бөхийн барилдаанд албан ёсоор барилдуулах уу, эсвэл түүний мэдэгдсэнчлэн зодог тайлах нөхцөл байдалд хүрэх үү гэдэг нь эцэслэн шийдэгдээгүй бөгөөд бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.