Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 88 шүүхийн нэгдсэн вэбсайтын нээлт өнөөдөр боллоо. Тодруулбал, Монгол Улсын бүх шүүх өнөөдрөөс эхлэн нэгдсэн загвар, бүтэцтэй албан ёсны цахим хуудсуудыг ашиглаж эхэллээ. Энэ нь “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд хэрэгжиж буй томоохон шинэчлэлийн нэг хэсэг бөгөөд нээлтийн ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж, тус байгууллагын удирдлагууд системийн шинэ боломж, давуу талыг хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх шүүх өнөөдрөөс нэг ижил бүтэц, загвар бүхий цахим хуудас ашиглаж эхэлж байна. Энэ бол зөвхөн вэбсайтын шинэчлэл биш, шүүхийн үйлчилгээний шинэ шатны эхлэл” гэдгийг онцолсон юм.
Хэрэг хуваарилалт хүний оролцоогүй болжээ
ШЕЗ-ийн дарга П.Золзаяагийн мэдээлснээр шүүхийн цахимжилтын хамгийн том үр дүнгийн нэг нь хэрэг хуваарилалтын систем бүрэн цахимжсан явдал аж. Өмнө нь гар ажиллагаагаар хийдэг байсан хэрэг хуваарилалт өнөөдөр хүний оролцоогүй, автомат системтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, иргэн, эрүү, захиргааны бүх хэргийг цахимаар хуваарилж байгаа бөгөөд хүн оролцох, нөлөөлөх боломжгүй болсон байна. Хэрэв оролцсон тохиолдолд системээр илрүүлэх боломжтойг тэрбээр онцоллоо.
Мөн шинэ цахим хуудас нь зөвхөн мэдээллийн сайт бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, цахим архив, ERP буюу захиргааны систем, хэргийн оролцогчийн систем зэрэг томоохон платформуудтай уялдан ажиллаж буйг дурдсан.
Түүнчлэн гар утаснаас хялбар нэвтрэх, хурдан ажиллагаатай, хэрэглэгч төвтэй бүтэцтэй болсныг танилцуулж, хиймэл оюун ухааныг ашигласан зарим шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлж байгааг мэдээлэв.
Шүүхийн цахим шинэчлэл иргэдэд ингэж мэдрэгдэнэ

ШЕЗ-ийн гишүүн Г.Даваадорж шүүгч 88 шүүх нэг стандарттай веб сайттай болсон талаар танилцуулахдаа, “Монгол Улсын нийт шүүх буюу нийслэлийн 15, орон нутгийн 73 шүүхийг энэхүү вэбсайтад байршуулсан газрын зураг дээрээс сонгож ороод аль ч шүүхийнх нь вэбсайт руу хандах боломжтой” хэмээлээ.
Тэрбээр “Өмнө нь шүүх бүр өөр бүтэцтэй, өөр веб сайттай байсан учир иргэд мэдээлэл авахад хүндрэлтэй байсан. Харин одоо аль ч шүүхийн сайтад орсон шүүх хуралдааны зар, тойм, журам зэрэг мэдээлэл ижил бүтэцтэй харагдана” хэмээн тайлбарласан юм.
Мөн системд хүртээмжийн тохиргоо оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дэлгэц унших программтай нийцүүлэн хөгжүүлжээ. Үүнээс гадна монгол бичгийн хөрвүүлэлт, гадаад хэлний тохиргоог нэвтрүүлсэн.
Гадаад хэлний хэсэгт “Google Translate”-ийг холбож өгсөн бөгөөд нийт есөн хэлээр гадаадын иргэн, байгууллагууд шүүхийн талаарх суурь мэдээллийг авах боломжтой болсон ч хууль зүйн нарийн мэдээлэл, шүүхийн шийдвэрийг автомат орчуулгад хамруулаагүй аж. Учир нь орчуулгын алдаа гарах эрсдэл бий гэж үзжээ.
Нэхэмжлэлээ цахимаар өгнө
Шинэ системээр дамжуулан иргэд шүүхэд цахимаар нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа хавсаргах боломжтой боллоо. Одоогоор иргэний хэрэг болон тусгайлсан журмаар шийдвэрлэх зарим хэрэг дээр туршин нэвтрүүлж байгаа бөгөөд бусад төрлийн хэрэг дээр хөгжүүлэлт үргэлжилж байгаа талаар танилцуулсан.
Мөн шүүхийн шийдвэрийн санд байрших шийдвэрүүдийг хиймэл оюун ухаанаар нэгтгэж эхэллээ. Өмнө нь энэ ажлыг ажилтнууд гараар хийдэг байсан бол одоо текстийн бүтэц, үгийн хамаарал, өгүүлбэрийн логикт суурилсан машин сургалтын модулиар боловсруулдаг болж байгаа юм.
Гэхдээ хиймэл оюун ухааныг хүний хяналттай ашиглах зарчмыг баримталж байгааг ШЕЗ-ийн гишүүн Г.Даваадорж онцолсон юм. Шүүхүүд шинэ системд мэдээллээ энэ сарын 14-нөөс оруулж эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны тойм, шийдвэрийн сан зэрэг мэдээллүүдийг ойрын хугацаанд бүрэн жигдрүүлэхээр ажиллаж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.





