Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг болон Байгаль орчны албатай хамтран энэ сарын 31-ний өдөр Бугант тосгоны нутаг дэвсгэрт төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Ерөө сумын 3 дугаар багийн “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэгэн компани ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байна. Тухайн аж ахуйн нэгж нь талбайд үүссэн тогтоол нуурын бохир усыг Ерөө гол руу удаа дараа суваглан цутгаж, орчныг бохирдуулж байжээ.
Цагдаагийн байгууллага болон холбогдох албаныхан уг хуль бус үйлдэлд тухай бүр шалгалтын ажиллагаа явуулж, учирсан хохирлыг тодорхойлох болон хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээг аваад байна.





